Өрнөдийн таван улсын удирдагчид уулзаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-26 12:27:53

ТОКИО. /NHK/. Украины нөхцөл байдал болоод Сирийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа барууны таван улсын удирдагчид мэдэгдлээ.

Хойд Германы хот болох Ханноверт өнгөрсөн даваа гарагт болсон уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Италийн Ерөнхий сайд Маттио Рензи нар оролцсон юм.

Сирийн засгийн газрын цэргийн хүчин болон сөрөг хүчний хооронд хийсэн гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтэж магадгүй байгаа тухайд сэтгэл зовинож байгаагаа дээрх удирдагчид  илэрхийлжээ. 

Сирийн асуудалтай холбоотой бүх талуудыг өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалах талаар тэд зөвшилцсөн байна.

Тэд Украины засгийн газрын цэргийн хүчин болон ОХУ-ын салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох гэрээ бүрэн хэрэгжих хүртэл ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Японы төв хэсэг болох Миэ мужийн Исэ-Шима гэх газар ирэх тавдугаар сарын 26-нд эхлэх “Их-7”-гийн  Дээд хэмжээний уулзалтад эдгээр удирдагчид мөн оролцох юм.

Японд байх үедээ атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод зочлох эсэх талаарх эцсийн шийдвэрээ Обама гаргах ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ