"Газпром" НХН охин компаниа Монгол Улсад байгуулахаар судалж байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-19 14:06:44
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 18-нд ОХУ-ын "Газпром" НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллертэй уулзлаа. Талууд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл хэрэгжүүлэх боломж, уг төслийг боловсруулах хамтарсан ажлын баг байгуулах асуудлаар санал солилцжээ.


Уулзалтад "Газпром" НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандога, тус газрын орлогч дарга М.В.Балашов, Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд оролцсон байна.


“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах, байгалийн хий дамжуулах хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах үүднээс Оросын талаас ажлын баг байгуулаад байгааг мэдэгджээ. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын түвшинд тохиролцсон уг асуудлыг ажил хэрэг болгох үүднээс эхний ээлжинд Монгол Улсад “Газпром” НХН-ийн охин компани байгуулах боломжийг судалж байгааг мэдэгдлээ.


Элчин сайд Д.Даваа өнгөрсөн оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г манай хоёр улсын төрийн тэргүүн нар байгуулсан явдал нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсныг илтгэж буйг тэмдэглэж, Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг бодитоор өргөжүүлэн хөгжүүлэхэд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах нь чухал болохыг онцолсон байна.


Байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах нь хийг БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болно гэдэгт талууд санал нэгджээ.


Эргэн сануулахад, 2019 оны 12-р сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, Газпром НХН харилцан ойлголцлын санамж бичигт байгуулсан бөгөөд тус баримт бичигт ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн хамтарсан үнэлгээ хийхээр тусгасан юм. 



Холбоотой мэдээ