Манхан сумын пост дээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-12 18:04:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны өдөр  цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргав.

Тодруулбал, аймгийн Засаг дарга захирамж гарган, Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй караоке, баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм. Харин томоохон зоогийн газрыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийхээр боллоо.

Мөн Зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгаа тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг Зочид буудлын дарга, захирал нарт өгөв.

Үүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын пост дээр Цагдаагийн газар, Авто тээвэр, Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан ажлын хэсэг томилж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод эрүүл мэндийн үзлэг, хяналт шалгалт хийж, асуумж судалгаа авахаар шийдвэрлэлээ.  

Цаашид аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм. 

 

Холбоотой мэдээ