Халдвар гарах өндөр эрсдэлтэй зарим захын үйл ажиллагааг түр хугацаанд зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-11 18:25:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 11-ний өдөр болов.

02 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар 43,099 тохиолдол 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 1,018 хүн нас барсан мэдээтэй байна.

Иймд орон нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой комисс хоног, цаг хугацаа харгалзахгүй хуралдаж, зохих шийдвэрийг гаргаж байна.

Тэгвэл энэ удаагийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэн.  Тодруулбал, хилийн боомтуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосон. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Ховд аймгийн Цэцэг сум дахь Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлд нүүрс экспортлох, тээвэрлэх хөдөлгөөнийг зогсоох тухай захирамж гаргахаар болов.

Мөн нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын эрүүл мэндийн асуудалд анхаарч, мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, улмаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд дагаж мөрдөх салбар дундын төлөвлөгөө батлахаар болжээ.  

Үүнээс гадна Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэж, хил нэвтрэхээр очсон 50 гаруй жолооч, тээврийн хэрэгслийг буцаан татах ажлыг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зохион байгуулж, тээвэр болон бусад зардлыг бүрэн шийдвэрлэж ажиллахыг Мо-Эн-Ко ХХК-ийн Хөшөөтийн уурхайн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Түүнчлэн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төв болон баар, караоке, зоогийн газар зэрэг нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болов.

Улмаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн, халдвар гарах өндөр эрсдэлтэй зарим зах, худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох хүртэл шийдвэр гаргахыг Жаргалант сумын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нарт даалгажээ.  

Холбоотой мэдээ