Өсвөр үеийнхэн, залуучуудын ур чадварыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-02-10 15:59:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын чанарыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхэд чиглэсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төсөл тус аймагт хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэгч талууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар болон Японы хүүхдийг ивээх сангийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БСУГ, АБНТБТ, ГБХЗХГ, ХХҮГ-ын дарга, удирдлагууд оролцсон юм.

Хүүхдийг ивээх сан өмнө нь хамтарч ажиллаж байсан байгууллагуудтайгаа маш сайн эргэх холбоотой байдаг. Нөгөө талаар нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдлийн түвшин, хүн амын тоо, хөдөлмөр эрхлэлт зэрэг зах зээлийн хамрах хүрээнээс хамаарч энэ удаагийн төсөл хэрэгжүүлэх аймгуудаа сонгосон. Энэ төсөл хэрэгжсэнээр тодорхой түвшинд зохих шийдвэрийг гаргах чадвартай сурагчид, цаашлаад 25 хүртэлх насны залуучууд бий болох юм. Энэ ур чадварыг олгох арга туршлагыг үндэсний хэмжээнд төслөөр дамжуулан түгээх нь бидний гол зорилго. Нөгөө талаар орон нутгийн түвшинд шинэлэг хэлбэрээр хэрэгжиж байгаа төсөл учир тал талын оролцоо маш чухал гэдгийг Японы хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваа онцоллоо.


Уг төсөл нь Монгол Улсын таван аймгийн 25 суманд хэрэгжих бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр суманд хэрэгжинэ.

2012-2017 онд манай аймаг мөн тус сангаас санхүүжүүлж байсан “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Одоо ч тэр төслийн түгээн дэлгэрүүлэлт хийсээр байгаа. Энэ удаагийн төслийн тухайд ахлах ангийн сурагчид руу чиглэснээрээ онцлог. Хэрэгжүүлэгчээр сонгогдсон дөрвөн  сумын тухайд бүгд 800-аас дээш сурагчтай, дотуур байранд олон хүүхэд амьдардаг, наймаас дээш ангийн хүүхдүүд олон зэрэг үзүүлэлтээр яг зорилтот сумдыг сонгосон байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт олон нийтийн оролцоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих ажил багагүй хийж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ч энэ олон нийтийн оролцоо чухал гэж бодож байна. Тиймээс хүүхдүүд, эцэг эхчүүд, иргэдээс олон сайхан санал, санаачилга гарах байх. Мэдээж урт хугацааны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө аймгийнхаа бүхий л төрийн болон ТББ-тай хамтран ажиллах болно гэж аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.

Төслийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлийн хязгаарлагдмал боломж болон уламжлалт МАА, цалин хөлсгүй хөдөлмөр, хувиараа хөдөлмөр эрхлэлт давамгайлсан албан бус хөдөлмөрийн салбараас үүдэлтэй өсвөр үе, залуучуудын дунд байгаа идэвхгүй байдлыг арилгахад хамгийн их хэрэгцээтэй хувь хүний ур чадварыг олгох юм.

2019 оны 11 дүгээр сард эхэлсэн төсөл 2023 оныг дуустал үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ