Хөвсгөл нуурын баруун хойд хэсэгт 30-40 орчим см хар хил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-04 12:00:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамт олон Хөвсгөл нуурын баруун, зүүн эргээр гэнэтийн эргүүл, шалгалтын ажлыг хийсэн байна. Энэ үеэр Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Хороо голын амаар нутгийн иргэд мөс цоолон загасчилдаг ул мөрийг шалган орчны хог хаягдлыг түүж цэвэрлэн цаашид тус газарт байнгын хяналт тавьж ажиллахаар болжээ.  

Хөвсгөл нуурын баруун хойд хэсэг Долоон-Уул орчмоор 30-40 орчим см-ийн хар хил гарсан, бусад хэсгээр хил ус багатай мөс харьцангуй бэхэжсэн байдалтай байна гэдгийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Х.Идэр мэдээллээ.

Мөн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хатгалын нэвтрэх пост, Мэргэн зэрэг газарт хяналтаар ажиллаж байгаа гэнэ. Ажиллах хугацаандаа түлшний мод тээвэрлэж явсан 5 тээврийн хэрэгслийг шалгахад нэг иргэн эрхийн бичгийн хэмжээг хэтрүүлэн түлшний мод тээвэрлэсэн байсныг илрүүлэн шалгаж хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулсан ажээ.

Холбоотой мэдээ