Монгол Улс НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-31 18:18:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2017- 2023 онд хэрэгжүүлж байгаа “Ази дахь Бизнес ба Хүний эрх: Бүс нутгийн түншлэлийг хөгжүүлэх замаар Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” төслийн удирдагч, ахлах зөвлөх Ливио Сарандреа энэ сарын 28-31-нд Монгол Улсад ажиллаж, энэ асуудлаар үндэсний төлөвлөгөө боловсруулах үйл явцтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өглөө.


Энэ хүрээнд тэрбээр ГХЯ болон үндэсний төлөвлөгөө боловсруулах Ажлын баг, бизнес төлөөлөл, үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудтай уулзаж санал солилцож, манай ажлын баг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа дээрх хөтөлбөртэй тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.


2019 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар бусад холбогдох байгууллагуудыг оролцуулан Ажлын баг байгуулж төлөвлөгөө боловсруулах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн юм. “НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн зарчим”-ын тухай ойлголтыг түгээх, үндэсний төлөвлөгөө боловсруулах үйл явцад төр, төрийн бус байгууллага, бизнесийнхний идэвхтэй оролцоог хангах, бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд үзүүлж байгаа нөлөөллийг бодитой үнэлж, зорилгоо зөв тодорхойлоход түүний Монгол Улсад хийсэн энэхүү айлчлалын ач холбогдол оршиж байна.


Холбоотой мэдээ