Цагааннуурын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-27 11:52:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БНХАУ-д коронавирусний халдварын улмаас сүүлийн мэдээгээр 2700 гаруй хүн өвчилж 80 хүн нас бараад байгаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоож, БНХАУ-тай хиллэх хилийн боомтоор авто болон явган зорчигчийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлаад байна.

Харин Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах эсэхийг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас тодруулахад, "БНХАУ-д гарсан шинэ төрлийн өвчинтэй холбогдуулан манай төр засаг ард иргэдээ хамгаалж, шуурхай арга хэмжээ авч байна. Манай байгууллагын зүгээс Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын хилийн боомтод ажиллаж байгаа албан хаагчдад урьдчилан сэргийлэхэд шаардагдах эд зүйлсийг хүргүүлсэн. Харин боомт цагийн хуваарийнхаа дагуу хэвийн ажиллана" гэлээ.

Холбоотой мэдээ