ДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-23 15:20:07

ЖЕНЕВ. /TASS/. Улс орнууд электрон тамхины зар сурталчилгаанд хязгаарлалт тогтоох ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ үзэж байна. Эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буйг нь харгалзан худалдаа, сурталчилгааны салбарт төрийн хяналтыг нэвтрүүлэхийг санал нэгтэй дэмжиж байгаагаа ДЭМБ Женевт нийтэлсэн “Электрон тамхи: эрүүл мэндэд хэр зэрэг аюултай вэ?” албан мэдээлэлдээ илэрхийлжээ.


"Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд электрон тамхийг хориглоод байна. Үүнээс гадна, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэдгээрийг хориглох асуудлыг хэлэлцэж эхэлсэн улс орнуудын тоо улам бүр нэмэгдсээр байгаа” гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, электрон тамхийг хориглох эсэхийг улс орнууд өөрсдөө шийдэх ёстой. Харин энэ салбар дахь бизнесийг зохицуулах асуудлын тухайд мэргэжилтнүүд “электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг” цохон тэмдэглээд, хэрэв хориглохгүй бол зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа мэдэгджээ.


Электрон тамхи нь тамхиа хаяхад тус болдог гэдэгтэй ДЭМБ-ын шинжээчид санал нийлэхгүй байна. “Одоогоор үүнийг нотлох хангалттай баримт байхгүй байна. Тамхиа хаяхаар шийдсэн хүмүүст илүү аюулгүй, зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна” гэж шинжээчид дурджээ.


Холбоотой мэдээ