Малын гоц халдварт өвчин 98,1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-23 12:06:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчний голомттой газруудын нэг бол Сүхбаатар аймаг. Тэгвэл малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлснээр сүүлийн хоёр жил малын гоц халдварт өвчин тус аймагт гараагүй байна. Өнгөрсөн онд гэхэд гоц халдварт өвчин 98,1 хувь, халдварт өвчин 50,7 хувиар буурчээ.

2019 онд аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-аас малчинд ойрхон мал эмнэлэг гэдэг зорилго тавьж ажилласан. Үүнийхээ хүрээнд паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 101-114,1 хувиар, халдварт өвчнөөс урьдчилан эсргийлэх арга хэмжээг 101,3 хувиар, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 98,6 хувиар биелүүлсэн. Гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөв, оновчтой зохион байгуулсны үр дүнд сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт малын өвчин гараагүй. Нөгөө талаар энэ жилийн хувьд гаднаас мал ирж оторлох явдал бараг байхгүй нь малын өвчнөөс сэргийлж буй маш том ажил гэж харж байгаа. Учир нь 2017 онд гаднаас шүлхийтэй мал отроор орж ирснээс болж өвчин хэд хэдэн голомтод тархаж, аймаг орон нутгийн хувьд багагүй хохирол амссан. Энэ өвлийн тухайд Сүхбаатар сумын зүүн хойд хэсгээр цөөхөн хэдэн малчин гаднаас ирж нутаглаж байна. Үүнд сум орон нутагтай хамтран байнгын хяналт тавьж ажиллаж байна гэж МЭГ-ын дарга М.Молорчимэг хэллээ.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дөрвөн удаагийн давтамжтай хийж, хамгийн сүүлийн тарилгаар хилийн таван сум болон Асгат, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан сумын бүх малыг хамруулжээ. Мөн  цэцэг,  мялзан өвчний эсрэг  вакциныг аймгийн хэмжээний бүх төл малд хийсэн байна.

Холбоотой мэдээ