Тосны ургамлын тариалалт түрж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-21 15:30:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тосны ургамлын тариалалтын хэмжээ өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 63,4 хувь нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээгээр 3213 га талбайд тосны ургамал тариалахаар төлөвлөсөн ч хоёр дахин их буюу 7586 га талбайд тариалан 2831 тонн ургац авсан дүн жилийн эцсээр гарчээ.

Рашаант, Орхон сумын Засаг дарга нар тосны ургамал тариалалтад хязгаарлалт тогтоох, аж ахуйн нэгжүүд дураараа их хэмжээгээр рапс тариалж байгааг журамлах саналыг аймгийн ИТХ-ын хуралд тавьсан юм.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан:

-Нийт тариалах талбайнхаа 20,0 хувьд тосны ургамал тариалах бодлого байдаг. Одоогоор аймгийн дунджаар 18,0 хувьд рапс тариалдаг. Рашаант, Орхон суманд тосны ургамал хэтрүүлж тариалж байгаа гэсэн тайлбар өглөө. Рашаант суманд тариалсан талбайнхаа 26,1 хувьд буюу 2384 га талбайд тосны ургамал тариалж 1068 тонн ургац хураасан байна.

Холбоотой мэдээ