"Архидалтгүй Монгол" болоход Баянхонгорынхон түүчээлнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-20 21:18:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төв замаар цагдаагийн, түргэн тусламжийн, галын машины дуут дохио зэрэг зэрэг хангинан, олон машин цуваа үүсгэн явсаар Баганат талбайд эгнэн жагсах нь хачин жигтэй сэтгэгдэл төрүүлнэ. Хирдхийм ч юм шиг эл мэдрэмж олны анхаарлыг ихэд татаж, цугласан албан байгууллагууд дээр ард иргэд “хүч нэмэн” төв талбай дорхноо дүүрчихэв. “Архидалтгүй Баянхонгор” аян албан ёсны нээлтээ хийж буй нь энэ ажээ.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал шинэ оны анхны захирамжаараа тус аяныг зарлаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг тэр даруй томилогдон хэдэн ч удаа хуралдаад амжсан бол аяны лого, уриа үгний уралдаанаар бэлгэдлүүдээ товлочихсон, өөрөөр хэлбэл бэлтгэл ажил бүрэн хангагдсаны үндсэн дээр нэгдүгээр сарын 20-ны энэ өдөр нээлтээ хийж байгаа юм байна. Албан ёсны нээлт аймаг даяар буюу 20 суманд нэгэн зэрэг болж буйгаараа ч онцлог болжээ.

 

Б.Пүрэвдагва: Архидалтгүй, амар тайван орчинд элэг бүтэн амьдрах нь аз жаргал

Аймгийн удирдлагууд бус албан байгууллагын залуу удирдлагуудын төлөөлөл болох аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Пүрэвдагва тус аяны нээлтийн үгийг хэлсэн юм.

Тэрээр, архидалтгүй аймаг болох зорилт бүхий тус аяныг залуус талархан хүлээн авч, дэмжиж буйг хэлээд “Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхий дээр нэг минут тутамд зургаан хүн, нэг жилд гурван сая хүн хорвоог орхиж байна. Энхийн цагт энэ нь дэндүү их тоо болохыг та бид бүгдээр мэднэ. Энэ дунд миний, таны ойр тойрны нэгэн ч байгааг нуух хэрэггүй биз” гээд, аль ч түвшинд архи хэтрүүлэн хэрэглэх явдал байсаар байгааг шүүмжлээд авсан. Үргэлжлүүлэн, “Архийг хүн ууж буй мэт харагддаг ч, хүнийг – амьдралыг архи залгилж байдаг. Уухгүй нэгнээ элдвээр шахаж, арын асуудлыг даах юм шиг авирладаг ч цагаа тулахад аль нь ч тэдэнд хамаагүй нь даанч үнэн шүү дээ. Чимээгүй тахлаас эрт л холдоцгооё залуус аа” гэсэн юм. Тэрээр, аз жаргал бол амар тайван, элэг бүтэн амьдрал мөн болохыг онцолж байв.

Нэг л өдөр, өргөс авчихсан мэт одоогийн байдал орвонгоороо засрахгүй ч, нэгэндээ нөлөөлж, нийтээрээ татгалзаж, зорилгоо нэгтгэвэл үр дүнд хүрч болохыг Б.Пүрэвдагва хэлж байлаа. Мөн үгийнхээ төгсгөлд, 2020 оноо үдэх мөчид Монгол Улсад хамгийн бага архины хэрэглээтэй аймаг болох зорилт тавин нэгдэцгээхийг залуу, дунд, ахмад үеийнхэндээ уриалсан юм.


      Аяны хүрээн дэх шалгаруулалтын шилдгүүдийг 30 сая төгрөгийн шагналын сан хүлээж байна

Жилийн аяны хүрээнд аймгийн хэмжээнд зургаан сэдэвт нөлөөллийн ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл "Үлгэрлүүлэх, нөлөөллийн арга хэмжээ" өрнөх бол 03.15-05.15-ны хооронд "Ухаалаг жолооч, урт нас", 05.15-07.15-ны хооронд "Хүүхдэд ээлтэй Хонгор нутаг", 07.15-09.15-ны хооронд "Соёлтой наадаж, зохистой амарцгаая", 09.15-12.15-ны хооронд "Ураг удмаа мэдэж, уламжлалаа дагая" гэх үйл ажиллагаанууд болох бол оны төгсгөл буюу 12 дугаар сарын 15-31-ний хооронд "Та хичээ, бид дэмжье" гэх арга хэмжээг төлөвлөсөн байна.

Аяны хүрээнд шилдгээр шалгарсан төрийн байгууллага, сум, ААН, байр, баг, гудамж, өрх, иргэнийг тодруулж, 30 сая төгрөгийн шагналын сангаар байлах аж.

Мөн үед, аймгийн хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо буурсан байх, гудамж талбай болон үйлчилгээний газруудын орчинд гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан байх хүлээлттэй байгаа юм байна. Мөн иргэд архидалтын хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэлтэй, архины хамааралтай иргэдийн архинаас татгалзах шийдвэр гаргасан, архинаас татгалзсан иргэдийн тоог нэмэгдүүлсэн байх зорилт тавьжээ. Түүнээс гадна хүүхэд залууст архинаас татгалзах зан үйлийг төлөвшүүлэх, гэр бүлийн амгалан тайван орчин бүрдүүлэх, архинаас татгалзах зан үйлийг уриалдаг төлөвшүүлдэг ТББ-ыг дэмжих зэрэг ажил мөн хугацаанд өрнөнө.

 

Архидалтгүй Монгол болоход Баянхонгорчууд түүчээлнэ

Аймгийн ИТХ-аас ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван орчин нөхцөлд амьдрах боломжийг хангах “Амар тайван амьдрал” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй. Тус ажил үр дүнгээ өгч буй ч архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчлийн тоо хангалттай хэмжээнд буурахгүй байгаа. Гэвч архинаас амьдралаа, амь насаа хамгаалж зөв амьдралд өөрсдийгөө хөтлөөд, бусдыг үлгэрлэж буй сайхан жишээ ч бидний дунд бий. "Сайн нь ч, саар нь ч зэрэгцэж байгаа энэ байдлыг сайныг давамгай байлгах зорилго бүхий “Архидалтгүй Баянхонгор” аяныг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсныг аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, ГХУСАЗЗ талархан хүлээн авч байгаа бөгөөд дэмжин ажиллахаа илэрхийлж байна" хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн.



Харин аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Энэхүү аяныг аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа ажил гэх ташаа ойлголтыг залруулъя. Архидалтаас болж амьдрал нь үрэгдэж байгаа, хохирч байгаа аав ээжүүд, хань, үр хүүхдүүдийн санаачилга шүү. Тэдний санал хүсэлтийг аймгийн Засаг даргын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа аян болохыг юуны түрүүнд хэлэхийг хүсч байна” гэлээ.

Тэрээр, Ард иргэдтэй уулзалт хийх бүрт архидалтыг үгүй хийж амар тайван амьдрах боломжийг бүрдүүлэхэд алхам хийж өгөөч ээ гэх хүсэлт гардаг болсон талаар хэлсэн. Аз жаргалтай амьдралын төлөө аймгаараа архидалтаас татгалзах ёстой юм байна гэх шийдвэрт хүрээд энэхүү аяныг өрнүүлж буйгаа мөн тайлбарласан юм.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар архины хэрэглээ өндөртэй улс орны эхний тавд Монгол орсон бөгөөд насанд хүрсэн иргэн бүрт жилд 52.5 литр архи ногдож байна. Архидалт нь монгол хүний нас баралтын гурав дахь шалтгаан болжээ.

"Хүн амын зургаан хувь нь архинд донтох өвчин туссан байх юм бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг.

Ийнхүү аюулын харанга дэлдэж буй архинаас аймгаараа татгалзаж, архидалтын хамгийн бага түвшинд аваачиж, улс үндэстнээ энэ үйл хэрэгт түүчээлж, манлайлах ёстой юм байна гэж энэхүү шийдвэрийг гаргасан” гэдгээ Засаг дарга хэлсэн.


Ц.Гантулга: Архидалтаас хол явсны хүчинд өдий зэрэгтэй явна

“Архидалтгүй Баянхонгор” аяны хүрээнд хэрэглэх лого, уриа үгийн уралдааныг зарлаж дүнгээ гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уралдааны шилдгүүдэд мөн үеэр шагналыг гардуулсан юм. Тус уралдаанд 100 шахам бүтээл ирснээс шилдгүүдийг шалгаруулж, нэг сая төгрөгийн шагналын сангаар байлжээ.


Мөн үеэр Баянхонгор аймгийн уугуул, 28 настай Цогнэмэхийн Гантулга шүдээрээ автобус чирэх үзүүлбэрийг цугласан олонд үзүүлсэн. Тэрээр 13 настайгаасаа хойш Баянхонгор аймгийн зах дээр ачигч хийж эхэлсэн бөгөөд архинд орчихсон, амьдралаа алдсан, онохоосоо алдах нь их яваа хүмүүстэй орчинд хүн болсноо хуучилж байв. "Би энэ хүртэл ажиллаж амьдрахдаа архинаас хол байж, өдий зэрэгтэй эрүүл бие, саруул ухаантай байгаадаа талархаж явдаг. Архидалтаас ангид байж чадсан учраас энэ амжилтыг гаргаж чадаж байгаа"-гаа тэрээр онцолсон.

Ц.Гантулга 2015 онд Геннисийн номонд шүдээрээ чирэх төрлөөр бичигдсэн амжилт буюу 13.8 тонн жинтэй автобусыг шүдээрээ 20 метр зайд чирж сонирхуулсан юм. Өөрөөр хэлбэл Геннисийн дээд амжилтыг Хонгор нутагтаа давтаж харууллаа.

Холбоотой мэдээ