Газрын төлбөрөө гар утсаараа төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-17 14:47:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ 2020 оныг "Ил тод, ухаалаг-газрын харилцааны жил" болгон зарлаад байна. Энэ хүрээнд газар зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлж, газрын цахим мэдээллийн санг хүртээмжтэй болгон өргөжүүлэн ажиллаж байна. 

Тухайлбал, иргэд эзэмшлийн болон өмчлөлийн газрын төлбөрөө гар утсаараа хийж төлөх боломж бүрдэж байгаа талаар Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газраас мэдээлж байна. 

Манай улс өмчлөлийн болон эзэмшлийн газраас төлбөр авах хуультай. Анх 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталж, 1998 оноос төлбөр авч эхэлсэн. Тэр үед жилд дунджаар газрын төлбөрөөс 1.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол өнгөрсөн 2019 онд 84 тэрбум төгрөг газрын төлбөрөөс цугларчээ. Энэ 2020 онд 110 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төвлөрүүлэхээр байгаа аж. Төлбөрийн хэмжээ ийнхүү жилээс жилд нэмэгдэж буйг татвар, хураамжийн бааз нэмэгдэж, газрын төлбөрийг бүрэн хураан авч буйтай холбон тайлбарлаж байна. 

Өмнө нь байцаагч нар газрын төлбөрийг авахдаа газар эзэмшигч болон өмчлөгч нь тодорхой тогтоогдоогүйгээс төлбөрийг үзэмжээрээ тогтоодог байсан. Тэгвэл одоо газрын цахим мэдээллийн сан үүссэн учир газрын төлбөрийг цахимаар болон автоматаар тооцож, иргэд гар утсаараа газрын төлбөрөө төлөх боломж бүрдээд байна. Гэхдээ газрын төлбөр хураах үйл ажиллагааны зардал хураамжаасаа өндөр тусдаг. Тиймээс энэ ажлын хэрэгжилт төдийлөн сайн биш байсан бол одоо технологийн шийдлээр үйл ажиллагаа хөнгөрч, газрын төлбөрийг иргэдээс шуурхай авах боломж бүрдэж байна. 

Иргэдийн газар эзэмших болон өмчлөх төлбөрийн 95-98 хувийг хуулиар чөлөөлж хөнгөлсөн байгаа. Иргэдийн эзэмшлийн 0.7 га газрын төлбөр жилд 10-20 мянган төгрөг байгаа учир энэхүү төлбөрийг гар утсаар хийх боломжтой болж байгаа аж.  

Улсын хэмжээнд газар өмчлөгч 600 мянган иргэн, ААН байна. Газар өмчлөлийн тухайд 2018 онд хуульд өөрчлөлт орж 10 жилээр сунгаад байгаа билээ. Нэг ёсондоо газар өмчлөлийн ажил 2028 он хүртэл өнөөгийн байдлаар үргэлжлэн явагдах юм.  

Б.Болд


Холбоотой мэдээ