Шинэ үндсэн хуулийг батлалцсан Г.Лхагважав баатарт хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-14 16:00:39

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойн хүрээнд “Шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан” Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн малчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Их Хурлын Депутат, Улсын Бага Хурлын Гишүүн, хөдөө аж ахуйн ухааны доктор Гомбожавын Лхагважавт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлснийг ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид энэ сарын 13-ны өдөр гардуулж өглөө.  

Тэртээ 1992 онд 430 депутат 70 хоногийн турш хэлэлцэж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бий болгох шинэ үндсэн хуулийг баталж байсан түүхтэй. Өдгөө 88 настай Г.Лхагважав нь 60 настайдаа шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан бөгөөд нэг үсэг, цэг, таслалын төлөө ч маш олон талаас нь хэлэлцэж, баталсан хэмээн хэлж байлаа. Тэрээр үндсэн хуулийн өдөр манайд ирж, намайг хүндэтгэсэн та нөхдөд туйлаас баярлаж байна. 28 жилийн өмнө Шинэ үндсэн хуулийг батлахад бидний хэдэн нөхөд нэг “үг”-ийн төлөө ч мэтгэлцэж, 70 хоног хэлэлцсэний эцэст тунхаглаж байлаа” хэмээн ярьсан юм. 

Сонирхуулахад Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан нь Г.Лхагважав гуайн эмээгийн төрсөн дүүгийн хүү юм.  

Холбоотой мэдээ