1100 орчим хүүхдэд шинээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-13 16:04:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд 1100 орчим хүүхэд шинээр хүүхдийн мөнгө авах гэнэ.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох болсонтой холбогдуулан, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулсан.

Хэнтий аймгийн тухайд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 26877 хүүхдээс 2019 оны 12 дугаар сарын байдлаар 25777 хүүхэд мөнгөн тэтгэмж авч байжээ. Харин он гарсаар 1100 орчим хүүхэд шинээр мөнгөн тэтгэмж авах нөхцөл нь бүрдэж байна.

Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч хүсэлт гаргаагүй бол хүүхдийн мөнгө авах боломжгүй аж. Иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг, өөрийн цахим үнэмлэхний хамт харьяа аймаг сумын ХХҮГ-т аваачиж бүртгүүлснээр эрх нээгдэх юм байна.

Хэрэв та бүртгэлтэй эсэх мэдээллийг цахимаар авахыг хүсвэл check.hudulmur-halamj.gov.mn сайтаар орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан мэдээллээ шалгах боломжтой.

Холбоотой мэдээ