Тайванийн иргэд засаг захиргааныхаа шинэ тэргүүнийг сонгож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайванийн засаг захиргааны тэргүүний болон Хууль тогтоох юанийн /парламент/ сонгууль өнөөдөр болж байна.
Тайванийн 22 хот, хошууд болон зургаан тусгай бүс нутагт 20-иос дээш насны 19.3 сая хүн санал өгөх эрхтэй байна. Иргэдийн тохитой байдлыг хангах, төсөв хэмнэх үүднээс Тайваньд нэг өдрийн дотор санал хураах шийдвэрийг хоёр дахь удаагаа гаргажээ. Санал авах байрууд орон нутгийн цагаар 08 цагт нээгдсэн бөгөөд 16 цагт хаагдана. Үүний дараа саналын хуудсыг тоолж эхлэх бөгөөд сонгуулийн дүнг орой танилцуулна.
113 суудалтай Тайванийн парламентын шинэ гишүүд хоёрдугаар сарын эхээр ажилдаа орох бол засаг захиргааны тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 20-нд болно.
Хэдийгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон орон нутгийн эрх баригчдын завсрын сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам нь ялагдсан боловч Тайванийн засаг захиргааны одоогийн тэргүүн Цай Инвэнь улиран сонгогдохоор сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Өдгөө 63 настай тэрбээр БНХАУ-д ойртох бодлогыг эсэргүүцэгч юм. Жилийн өмнө түүний нэр хүнд буурсан ч сүүлийн саруудад дахин өсөж эхэлжээ. Түүгээр барахгүй зарим ажиглагчид Цай Инвэнийг сонгуульд ялна гэж таамаглаж байна. Түүний гол өрсөлдөгч бол өдгөө 62 настай, Хятадтай найрсаг харилцаатай Гоминьдан намаас нэр дэвшигч Хань Гоюй юм. Засаг захиргааны тэргүүний сонгуульд нэр дэвшсэн гурав дахь хүн нь өдгөө 77 настай ахмад улстөрч Жеймс Сун /Сун Чуюй/ бөгөөд түүний тэргүүлдэг Ардын анхны нам тийм ч том бус, мөн мөрийн хөтөлбөр нь Гоминьдан намынхтай нэлээд төстэй байна. Хэдийгээр тэрбээр ялах магадлал тун бага боловч Хань Гоюйтой санал хувааж, түүний ялах магадлалыг багасгаж чадахаар нэр дэвшигч ажээ. Харин парламентын сонгуульд 650 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Тайванийг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг БНХАУ-ын эрх баригчид сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна. Тайвань, Хятадын харилцаа тогтвортой байх эсэх нь тус арал дээр улс төрийн байдал цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаална. 2016 онд Цай Инвэнь төрийн эрхэнд гарсны дараа Хятад, Тайванийн харилцаа “хөрж” эхэлсэн юм. Тэрбээр "нэг Хятад" гэсэн үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өмнөх эрх баригч Гоминьдан намын БНХАУ-тай аажмаар ойртох бодлогыг өөрчилжээ.