"Тэмээ тэнгэрийн амьтан" тэмээний баяр Богд суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-16 17:19:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Тэмээ тэнгэрийн амьтан" тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний баяр Баянхонгор аймагт 18 дахь жилдээ болох гэж байна.

Өвлийн адаг сарын шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Богд суманд болох тус наадамд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, Гадаад харилцаа аялал жуучлалын алба, Тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид, УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ-ны болон эрдэмтдийн төлөөлөл оролцох юм байна. Мөн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Завхан аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, тэмээчид оролцохоо мэдэгдээд байгаа аж. 

Мөн үеэр өсвөр насны, хурдан атны, хурдан торомны уралдаан, шилмэл буур шалгаруулах, шилмэл ингэ шалгаруулах, сайхан тэмээтэй хос шалгаруулах, буйл зорох, бурантаг томох тусгай хөтөлбөрүүдтэй бол Тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унуулах, урлаг, соёлын үйл ажиллагаа ч тус тус багтжээ.

"Говийн сэргэлт сан" ТББ, Бодио-С кашмер, "Ногоон алт" ТББ, Богд сумын Тэмээчдийн холбоо хамтран зохион байгуулах тус наадамд сум тус бүр нэг баг, бусад аймаг тус бүр нэг баг болж оролцохоороо онцлог аж.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын анхны эвентүүдийн нэг болох тус зөвлөгөөн, наадам нь тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой ажээ.

Холбоотой мэдээ