Дэлхийн батлан хамгаалахын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын салбарын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ. Энэ нь Европын орнуудын батлан хамгаалахын зардал өссөнтэй олон талаар холбоотой гэж “Jane's” мэдээлэл-дүн шинжилгээний агентлагийн дэлхийн батлан хамгаалахын зардлын өөрчлөлтийн талаарх тайланд дурдсан байна.
Тайлангаас үзвэл, 2019 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардлын өсөлт өмнөх оны 6 хувьтай харьцуулахад 1 хүртэл хувиар удааширчээ. “Ихэнх бүс нутагт буурах хандлага ажиглагдсан бол Европын орнуудын эдгээр зардал 5.2 хувиар өссөн. 2019 онд батлан хамгаалахын зардал нь хамгийн их өссөн 10 орны зургаа нь Европын улс юм” гэж “Jane's”-ийн шинжээчид мэдээлжээ. Өнгөрсөн онд Европын орнуудаас Болгар улсын батлан хамгаалахын зардал хамгийн их буюу 125 хувиар өссөн байна. Энэ нь тус наймдугаар сард "F-16 Block 70” загварын найман сөнөөгч онгоцны төлбөрийг төлсөнтэй холбоотой ажээ.
Ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн батлан хамгаалах салбарын зардлын жил тутмын өсөлт 1.5-2 хувьтай байна гэж “Jane's” агентлагийн шинжээчид тооцоолсон байна.
2019 онд батлан хамгаалах зардлаараа эхний аравт АНУ /726 тэрбум ам.доллар/, БНХАУ /217 тэрбум ам.доллар/, Саудын Араб /57 тэрбум ам.доллар/, Энэтхэг /57 тэрбум ам.доллар/, Их Британи /56 тэрбум ам.доллар/, Франц /53 тэрбум ам.доллар/, Герман /48 тэрбум ам.доллар/, ОХУ /48 тэрбум ам.доллар/, Япон /45 тэрбум ам.доллар/ БНСУ /41 тэрбум ам.доллар/ оржээ. 2018 оныхтой харьцуулахад энэ жилийн жагсаалтад бараг өөрчлөгдөөгүй байна. Герман долдугаар байрт орж дээшилсэн бол тус улсын оронд Япон есдүгээрт бичигджээ.