Халиф Хафтар Италийн Ерөнхий сайдтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РОМ. /Anadolu/. НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлээд байгаа Ливийн Үндэсний армийн командлагч, генерал Халиф Хавтарыг Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте лхагва гарагт хүлээн авч уулзжээ.
Талууд Италийн нийслэл Ром хотод хоёр цаг орчмын хугацаанд хэлэлцээ хийсэн гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн боловч эрх баригчид уулзалтын талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.
Харин Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Фаиз Сараж Бельгийн нийслэл Брюссельд айлчлал хийгээд буцахдаа Ромоор саатаагүй байна. Тэрбээр Брюссельд хийсэн айлчлалын үеэр Европын парламентын дарга Давид Сассоли, Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель, Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас нартай уулзжээ.
Халиф Хавтар Триполи руу эхлүүлсэн давшилтаа зогсоож, давшилт эхлүүлэхээс өмнөх байрлалдаа буцаж очих ганцхан тохиолдолд Ливид гал зогсоох боломжтой гэж Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын Дотоод хэргийн сайд Фетхи Басага мэдэгдсэн байна.