Завханд ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг сунгахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-09 11:47:37

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж томуу, томуу төст өвчний тархалтын хэмжээ бага байгаа учир аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгахгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус тоо 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн тохиолдолд хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлах эрх үүсдэг аж. Иймд томуу, томуу төст өвчний өнөөдрийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан дүн мэдээг үндэслэн аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгахгүй байх. Аймгийн Эрүүл мэндийн газар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, одоогийн түвшнийг нэмэгдүүлэхгүй байх талаар сэрэмжлүүлэг, олон нийтэд хандсан ажлуудыг сайтар зохион байгуулах, мөн ерөнхий боловсролын сургуулиуд эцэг эхтэйгээ эргэх холбоотой ажиллах талаар аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газраас сумдад чиглэл өгч хамтран ажиллахыг даалгажээ.

Хүйтний эрч сулартал олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг мөн хориглох, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, уламжлалт аргуудаа хэрхэн хэрэглэх талаар сургууль бүр сурагчдад сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.  

Ташрамд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногийн хугацаатай сунгах шийдвэр гаргаад байгаа юм. 

Холбоотой мэдээ