Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа сумдын малчдад өвс тэжээлийг хүргэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-07 17:26:15

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж газар дээрх нөхцөл байдалтай нь танилцаж хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс тэжээлийг хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар Завханы Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс сум цагаан зудтай, Тэс, Баянхайрхан, Тэлмэн сум зудархуу, 20 гаруй багт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс дээрх сумдын нөхцөл байдалтай танилцаж цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөгөө, зарим асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг ажиллажээ.

Тэд энэ үеэр аймгийн нөөцөөс Баянтэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээл, Тэс суманд 15 тонн өвс, 10 тонн тэжээлийг хүлээлгэн өгчээ. Мөн Баянхайрхан суманд 10 тонн өвс, таван тонн тэжээл, Их-Уул суманд 15 тонн өвс, тэжээл, Тосонцэнгэл суманд 15 тонн өвс, 20 тонн тэжээл, Тэлмэн суманд 10 тонн өвс, 15 тонн тэжээлийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Өвс тэжээлийг хүргэх тээврийн зардлыг аймгаас хариуцаж, өвс, тэжээлийг малчны хотонд нь хүргэж өглөө. Энэ удаад нийт 37 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлт, 5.9 сая төгрөгийн тээврийн зардлын дэмжлэгийг малчдад үзүүллээ. Мөн 6.4 сая төгрөгийн зардлаар 1.2 километр газар дальпуу татаж малын тэжээл хүргэх замыг гаргаж, мал бэлчээрлэх боломжийг нээж өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Отрын бүс нутгаа хэсэгчлэн өнжөөж байна

Завхан аймгийн хэмжээгээр 2019-2020 онд 24 сумын 116 багийн 8.9 мянган малчин өрхөд 3,8 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,2 сая мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 онд нийт 98 өрхийн 128.9 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Бага хайрхны аймаг дундын отрын бүс нутагт Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сумаас нийт 35.0 мянган толгой мал оруулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага сайн, намар дулаахан, мал тарга тэвээрэг сайн авсан учраас Бага хайрханы отрын бүс нутагт олон мал өвөлжүүлэхгүйгээр өнжөөж бэлчээрийг хамгаалахаар болсон ажээ.

Тиймээс энэ жил говийн бүсийн бага тооны малыг өвөлжүүлж байна. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 248 өрхийн 168,8 мянган малыг өвөлжүүлж байна. Хилийн зурвас нутагт  Баянтэс, Тэс сумаас 111 өрхийн 28,3 мянган мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 174 өрхийн 72,5 мянган мал отроор өвөлжиж байна. Гадна буюу хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумаас 199 өрхийн 87,1 мянган мал, отроор өвөлжихөөр гэрээ хэлцэл хийжээ.

 Малчдын усан хангамж хүрэлцээтэй байгаа

Завханд өнөөдрийн байдлаар 798 уст цэг байгаагаас 700 нь ашиглахад бэлэн байна. Нийт 8,7 мянган малчин өрх усан хангамжаар хүрэлцээтэй хангагдаж байна.

Энэ жил тус аймаг өөрийн хөрөнгөөр Баянтэс, Завханмандал, Идэр, Түдэвтэй, Эрдэнэхайрхан суманд нийт таван худаг, Тосонцэнгэл суманд нэг ус түгээх цэгийг засварласан. Мөн Яруу суманд хоёр худгийг орон нутаг болон малчдын хөрөнгөөр сэргээн засварлаад байгаа. Дөрвөлжин суманд орон нутгийн хөгжлийн сан болон малчдын хөрөнгөөр хоёр худаг, дөрвөн худгийг уул уурхайн "Баян айраг" ХХК-ийн  хөрөнгө оруулалтаар шинээр тус тус гаргаж ашиглалтад өгчээ.

Аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 98 хувь нь усан хангамж хүрэлцээтэй байна. Харин малын хашаа хорооны тухайд аймгийн хэмжээнд 5.6 мянган бог малын, 1.2 мянган бод малын хашааг засварласан. Малын хашаа хорооны ариутгалын ажил аймгийн хэмжээнд 100 хувь хангалттай түвшинд хийсэн байна. Харин 24 сумын 8.9 мянган малчин өрх малын хашаа хороогоо өвөлжилтөд бэлтгэх ажлыг сайн хийсэн тухай аймгийн Онцгой комиссоос нэмж мэдээлэв. 

Малчдын амьжиргаа дээшилж байна.

Завханы гурван сумаас мал мах бэлтгэн Улаанбаатар хотод “Номин” сүлжээ дэлгүүрт худалдан борлуулахаар болжээ.

Тодруулбал, Завхан аймаг мал мах бэлтгэн Улаанбаатар хот дахь "Номин"-гийн сүлжээ дэлгүүрээр борлуулахаар гэрээ байгуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хамтарч ажиллахаар болжээ. Эхний ээлжид тавдугаар сарын 5-ний өдөр Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумаас 220 хонь, 30 үхрийг авч Тосонцэнгэл сум дахь мах боловсруулах үйлдвэрт нядлан “Номин” сүлжээ дэлгүүрт нийлүүлэх юм байна. Ийнхүү нэг кг хонины махыг 6800 төгрөг, нэг кг үхрийн махыг 6500 төгрөгөөр "Номин" сүлжээ дэлгүүрт нийлүүлэхээр болсон байна. Ташрамд Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутаг юм байна. Завханд Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр Отгон, Цэцэн-Уул суманд  хоногт дөрвөн бод, 40 бог нядлах хүчин чадалтай бага оврын нядалгааны үйлдвэр байгуулжээ. Мал нядалгааны цех байгуулснаар дотоодын хэрэгцээнд мал мах бэлтгэх ажил эрчимжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “Тэс шим” хоршоо 12,0 тонн хонь, ямааны мах, “Завхан хүнс” ХХК 1000 толгой адууны махыг дээрх үйлдвэрээр дамжуулан бэлтгэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна. Ер нь малын өвчлөлгүй байх нь малчид малын махаа худалдан борлуулахад нь сайн нөлөө үзүүлж байна. Малчдын амьжиргаа ч дээшилж байна хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ