Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа тайлагнав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-04 22:24:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар 2019 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлаа тайлагналаа.


Тодруулбал, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлгүүдийг тодорхой шат дараалалтай зохион байгуулжээ. Ялангуяа хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ-гурав, хэсэгчилсэн арга хэмжээ-17, мөн дөрвөн аян, нэг өдөрлөг, нэг болзолт уралдаануудыг тус тус зохион байгуулсан аж. Эдгээрээс онцлон дурдвал, “Хүүхэд хууль” тэмцээнийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас уламжлал болгон 17 дахь жилдээ зохион байгуулжээ. Мөн аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 17 сум, дөрвөн тосгоны хэмжээнд 350 гаруй багш сурагчдын оролцоотойгоор хууль эрх зүйн мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Мөн 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн ЦЕГ, ХНХЯ хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн аж. Төслийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр аймаг бүрт хоёр хүүхэд хамгаалагч ажилласан бөгөөд нэмэлтээр сайн дурын 20 хүн ажиллаж байна. Эдгээр сайн дурын хамгаалагчид ЕБС-ийн орчин дахь зам тээврийн хөдөлгөөнд хяналт тавих, замын гарц орчимд насанд хүрээгүй хүүхдийг зам хөндлөн гаргах, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан гэнэ.

Төсөл хэрэгжсэнээр дээрх обьектод үйлдэгддэг байсан гэмт хэрэг, зөрчлүүд буурсан дүн мэдээ гарчээ. Тухайлбал, 2019 оны байдлаар сургуулийн дотуур байранд хүүхдүүдийн дундах дарамт, хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл ирээгүй байна. Мөн гар утас, эд зүйлс хулгайд алдагдсан гэх дуудлага өмнөх жилтэй харьцуулахад 17,8 хувиар буурсан байна. “Хүүхэд хамгаалагч” төслийг Хэнтий аймагт цагдаагийн газраас тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ