Энэ сарын 7-ноос хүйтний эрч бага зэрэг чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-04 16:00:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээгээр ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 

Нэгдүгээр сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 6, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 24-29 хэм байна.

Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 7-ноос ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.


Холбоотой мэдээ