"Болор цом-2019" эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-01-04 10:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жилдээ нэг чуулдаг "Уран үгсийн чуулган" өчигдөр өндөрлөсөн бол өнөөдөр "Болор цом-2019" яруу найргийн наадам 13.00 цагаас эхлэх гэж байна. 

Уран үгс, яруу найргийн дээрх наадмууд нь Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд энэ жил тус дүүрэгт буюу Их зохиолчД.Нацагдоржийн төрсөн нутагт, түүний нутгийн нэрээр болж байгаагаар онцлогтой.

Яруу найргийн наадамд ирсэн, оролцож буй зохиолч, яруу найрагч, зочид төлөөлөл өнөөдөр Их зохиолчийн талбайд цуглан түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж байна.

Дүүргийн Соёлын ордонд эхлэх "Гүн Галуутайн Болор цом-37" наадамд 27 найрагч оролцон өрсөлдөж байна.


Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг "Болор цом" наадам анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард болж байсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв. Тэгвэл өнгөрсөн оны "Болор цом-2018"-ыг яруу найрагч Б.Баттулга "Гүн ухааны сүлжээ бодролууд"-оор хүртсэн юм.  

Б.Болд


Холбоотой мэдээ