БНАСАУ-ын аюулгүй байдлыг хангах “давшингуй” арга хэмжээ авахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн хурлын үеэр үг хэлэхдээ улс орны аюулгүй байдлыг хангахын тулд “давшингуй” арга хэмжээ авахыг шаардлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ агентлаг мэдээлжээ.
KCNA агентлагийн мэдээлснээр, “Ким Жөн Ун БНАСАУ-ын гадаад бодлого, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар болон Зэвсэгт хүчний зорилтуудыг тодорхойлж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд үр дүнтэй, давшингуй арга хэмжээ авахыг шаардсан байна”.
Тэрбээр улс орны дотоод болон гадаад байдал хүнд байгааг энэ сарын 21-нд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хурлын үеэр мэдээлж байжээ. KCNA агентлагийн мэдээлснээр, уг хурлын үеэр зохион байгуулалт, улс төрийн болон цэргийн олон чухал арга хэмжээг авсан байна. Тухайлбал, Умард Солонгосын хүчний байгууллагуудад, түүнчлэн армийн анги нэгтгэлүүдийн командлалд боловсон хүчний халаа сэлгээ хийж, шинээр нэгж байгуулах, өргөжүүлэх, өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэсний дээр цэргийн зарим ангийн байрлалыг өөрчилжээ