В.Зеленский ОХУ-аас эрчим хүч импортлохыг хориглох тухай хуульд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-12-26 10:36:17

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Цахилгаан эрчим хүчний зах зээлийн тухай" хуульд оруулсан ОХУ-аас хоёр улсын гэрээний дагуу эрчим хүч импортлохыг хориглох тухай нэмэлт өөрчлөлтийг баталжээ.


Украины төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, “Украины сайд нарын танхим нь тус улсын эрчим хүчний нэгдсэн системд онцгой байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хугацаанд энэ хоригийг цуцлах эрхтэй” байна.


Түүнчлэн зах зээл дээрх үнийн огцом хэлбэлзэлтэй үед Эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарт төрийн зохицуулалт хийх үндэсний комисс үнийн дээд хязгаарыг "нэг өдрийн өмнө" тогтоож болно гэж заажээ.


Украины эрх баригчид 2015 онд Оросын эрчим хүчийг худалдаж авахаа зогсоосон юм. 2019 оны есдүгээр сард тус улсын Дээд Рада хоёр талын гэрээнүүдийн дагуу ОХУ болон Беларусь улсаас эрчим хүч импортлохыг зөвшөөрсөн бөгөөд 10 дугаар сараас ОХУ-аас эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.


Цахилгаан эрчим хүчний зах зээлийн шинэ загвар Украинд долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төр нь цорын ганц худалдан авагч, худалдагч байхаа больж, үнийг чөлөөлжээ.


Холбоотой мэдээ