“Sputnik” мэдээллийн агентлагийн даргыг Туркээс албадан гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-20 11:04:32

МОСКВА. /Sputnik/. Туркийн Засгийн газар “Sputnik” мэдээллийн агентлагийн үйл ажиллагааг зогсоож, улмаар тус агентлагийн салбарын дарга Турал Каримовыг Турк улсад нэвтрэхийг хориглосон байна.

“Хилийн албаныхан миний паспортыг хураан авч, шалгалтын цэг рүү дагуулан явсан. Би тэнд бараг цаг орчим болсон. Энэ үед надад энэ талаар ямар ч тайлбар өгөөгүй” гэж Каримов Истанбулын нисэх онгоц буудалд өөрт нь тохиолдсон хэргийн тухай ярив.

Мөн тэрбээр “дараа нь тэд надад нэг цаас өгсөн. Тэр цаасан дээр намайг Турк руу нэвтрүүлэхийг хориглосон зорчигч гэж бичсэн байсан бөгөөд өөр ямар ч тайлбар байгаагүй. Миний үнэмлэх, Туркт оршин суух зөвшөөрлийг хураан авч, дараагийн нислэгээр Орос руу явахыг шаардсан” гэж ярьж байна.

Туркийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт “Sputnik” мэдээллийн агентлагийн цахим хуудсыг хаасан бөгөөд үүнийгээ “захиргааны арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдоган хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгааг нотлох хамгийн сүүлийн жишээ бол энэ юм. Үүнээс гадна 2015 онд Туркийн 14 сэтгүүлчийг хорьсон ба Туркийн сөрөг хүчний “Заман” сониныг хаажээ.

2015 оны нэгдүгээр сард Туркийн Засгийн газар “үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг үндэслэлээр ямар ч цахим сүлжээг ямар нэгэн сануулгагүйгээр хаах эрх мэдэлтэй болжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ