Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-19 12:25:19

Ховд /МОНЦАМЭ/. “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны гишүүдийг чадавхжуулах баруун бүсийн сургалт 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт боллоо.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран энэхүү сургалтыг  зохион байгуулсан юм.

Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд болох ГХУСАЗСЗ, ЗДТГ, Цагдаа, Прокурор, Шүүх, Эрүүл мэндийн төв, ГБХЗХГ, Боловсролын салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Энэхүү сургалтын чиглүүлэгчээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай нар ажиллажээ.

Сургалтын үйл ажиллагаа нь гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд зориулсан хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, мэргэжилтэй болгох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай эрчимжүүлэх, хамтын ажиллагаа, цаашдын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байв.   



Холбоотой мэдээ