Иргэд соёлын үйлчилгээг тав тухтай, зориулалтын орчинд авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-18 18:15:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халзан суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан соёлын төв ашиглалтад орлоо. Шинэ соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Халзан сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар тэргүүтэй аймаг, сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Халзан сумын хуучин соёлын төв нь 1954 онд ашиглалтад орсон, түүнээс хойш өргөтгөл их засвар хийлгүй 60 гаруй жил ашиглажээ. Халаалтын асуудал шийдэгдээгүй, зай талбай бага, дотор засал муудсан гээд үйл ажиллагаа явуулахад хүнд нөхцөлд сүүлийн хэдэн жил соёлын төвийн хамт олон ажиллаж, мөн сумын иргэд соёлын үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй байжээ. Тиймээс шинэ соёлын төвтэй болгох ажлыг 2016 оноос эхлүүлж, гурван жилийн дараа тус ажил биелэлээ олж байна. Ийнхүү орчин үеийн стандартад нийцсэн орчин нөхцөлд Халзан сумын ард иргэд соёлын бүхий л үйлчилгээг авах боломжтой болохын зэрэгцээ үүнийгээ дагаад соёл урлагаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх их ажлын эхлэл тавигдаж байна гэдгийг Соёлын төвийн эрхлэгч Г.Баяржаргал нээлтийн үгэндээ хэллээ.

Сүхбаатар аймгийн 13 сумын соёлын байгууллагад ажиллаж буй ажилчдын 50-аас илүү хувь нь мэргэжлийн бус хүмүүс байдаг. Тиймээс цаашид аймаг, сум орон нутгийн зүгээс соёлын төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч ажиллана гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа онцлов.

Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан тус соёлын төв нь 240 хүний суудалтай үзвэрийн танхим, орон нутаг судлах танхим, хөгжмийн болон бүжгийн сургалтын танхим, нийтийн номын сан зэрэг шаардлагатай бүх өрөө тасалгаатай. Сумын нэгдсэн халаалтад холбогдсон учир цаашид дулаан, цэвэр тохилог орчинд иргэдэд үйлчлэх болсондоо ажилчид сэтгэл өндөр байлаа.

Энэ талаар Халзан сумын соёлын төвийн номын санч М.Уранцэцэг хэлэхдээ, миний хувьд 36 дахь жилдээ номын санчаар ажиллаж байна. Хүүхдүүд, сумын иргэд ном унших их сонирхолтой. Гэвч хуучин соёлын төв дэх номын сангийн байр нь жижиг, ширээ сандал цөөн, дээрээс нь их хүйтэн байдаг байсан учир хүүхдүүд иргэд тэр бүр үйлчлүүлдэггүй байсан. Харин одоо энэ бүх асуудал шийдэгдэж, тохилог байртай болж байгаад маш их баяртай байна. Манай номын сан 3000 орчим номын фондтой. Жилдээ тодорхой хэмжээгээр номын баяжилт хийдэг. Цаашид номын сангийнхаа үйл ажиллагааг илүү идэвхжүүлж, сайн ажиллах урам зоригтой болж байна гэв.

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зүгээс шинэ соёлын төвийн нээлттэй холбоотойгоор СУИС-ийн багш, сурагчдын бүрэн хэмжээний тоглолтыг сумын ард иргэдэд үнэ төлбөргүй толилуулсан нь олны талархлыг хүлээж байсан юм. Учир нь сүүлийн хэдэн жил Халзан сумын соёлын төв дүүрэн үзэгчтэй байгаагүй гэдгийг албаны хүмүүс ярьж байлаа.

 

 

Холбоотой мэдээ