Д.Сумьяабазар: Ирэх онд жонш хөтөлбөрийг батлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-17 14:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамжаар 2.4 их наяд төгрөг төвлөрүүлээд буйг дуулгалаа. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 518.6 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар өсөөд байгаа аж.


Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах хэр боломжтой талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа, “ЭТТ” ХК-ийн IPO хийн өмнө тус компанийн үйл ажиллагааг нээлттэй шилэн болгох, сайн засаглалтай болгох тал руу ажиллаж байна. “ЭТТ”-н IPO хийх санхүү, хууль, техникийн, маркетинг PR-ийн гэсэн бүх зөвлөхийг сонгоод гэрээгээ хийж, хугацаат үүрэг даалгавраа аваад ажилдаа ороод буйг хэллээ. Хувьцаа гаргах, ногдол ашиг тараах тал дээр тэрээр, хууль журмынхаа дагуу, эхлээд үнэ цэнээ тогтоож байж явах ёстой гэв.

Эхлээд компаниудаа хариуцлагатай, ил тод нээлттэй болгоод олон улсын хөрөнгийн биржид гарч хүссэн хэмжээний хөрөнгөө босгож байж, хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл, мэргэжлийн хүний нөөц зэргийг шаардлагад нийцүүлэн бүрдүүлж байж дараа нь ярих хэрэгтэй байх гэсэн байр сууриа илэрхийллээ. Ингэж байж бидэнд давуу тал, эерэг олон зүйл ирэх учиртай энэ ажлыг У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар тэргүүлэн ажиллаж байна гэв.


Ногдол ашгийн тухайд тэрээр, “Өнөөдөр иргэддээ 26 мянган төгрөг тарааж өгөх үү, эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавьж, баяжуулах болон коксын үйлдвэр барьчихсан, эрчим хүчний тодорхой эх үүсвэртэй болчихсон, цар хүрээгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлчихсэн, үнэлгээгээ тогтоосон компани болчихоод, тэндээсээ 5-10 дахин эх үүсвэрийн хэмжээнд ногдол ашиг хуваарилах уу гэдэгт Засгийн газрын бодлого явж байгаа” гэв.


Оюутолгой” компанийн тухайд, энд 14000 чадварлаг мэргэшсэн Монгол залуус ажиллаж байна. Энэ бол Монголын уул уурхайд оруулж буй нэг том, чухал хөрөнгө оруулалт. Уул уурхайн дэлхийн стандартад нийцэхүйц мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчнээ бид бэлтгэж байна.

Оюутолгойгоос сар бүр 100-гаад сая төгрөг орж ирдэг. Энэ нь урсгал зардалдаа хэрэглэгддэг. Энэ бол маш зөв төсөл. Гүний уурхай ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 1200 хүн ажиллахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулагчид ээлтэй эерэг мэдээлэл очиж байна. Үүнийг хамтарч ажиллах дараа дараагийн хөрөнгө оруулагчид хүсэлтээ илэрхийлж байгаагаас харж болно гэв

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц хэр явж байна?

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн, төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү. 11 дахин том үйлдвэрийн байгууламж баригдана. ТЭЗҮ-гээ хүлээгээд авсан, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.

-Ирэх онд уул уурхайн салбарт ямар томоохон төслүүд хэрэгжүүлэх вэ?

-Эдийн засгийг салбарлах бодлого хэрэгжүүлэх олон боломжийг бид судалж байна. Зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай гэрээ хийхэд бэлтгэнэ. Зэс хайлуулах үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал эдийн засгаа тэлэх боломжтой. 


Мөн алт цэвэршүүлэх үйлдвэртэй болчихвол валютын урсгалаа дотооддоо эргэлдүүлэх асар өндөр ач холбогдолтой. Эдийн засагт томоохон тустай. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой. Нүүрснээс байгалийн хий гаргах ажил байна. Япон улстай томоохон төсөл, зэс боловсруулах үйлдвэр байгуулах, мөн Энэтхэг, Казахстан зэрэг улстай хамтран ажиллахаар яригдаж байна. Эрэлт нь өсөж буй жонш хөтөлбөрийг батлуулах ажлыг зохион байгуулна.

Уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтыг эхнээс нь зөв зохион байгуулж цэглэхийг хичээж байна. Үндэсний геологийн алба байгуулах ажил үргэлжилж байгааг онцолж хэлье. Хууль бусаар алт олборлосон, хил давуулсан тохиолдолд оноох ялыг нэмэгдүүлэхийг хууль эрхзүйн хувьд тусгах талаар ажиллаж байна. Монголд олборлож байгаа бүх алтыг нэгтгэж төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ