"Иргэдийн оролцоотой сумын төвийн иж бүрэн шинэчлэл" төслөө танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-14 13:06:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга, “Шинэ сум” төслийг санаачлагч Р.Эрдэнэбүрэн Сайнцагаан сумын иргэдэд "Иргэдийн оролцоотой сумын төвийн иж бүрэн шинэчлэл" төслөө танилцууллаа.

Тэрээр “Шинэ сум” төслийн санаа хэрхэн бий болж, түүнийгээ яаж хэрэгжүүлж, ямар амжилтад хүрснээ болон цаашид юу хийх талаар дэлгэрэнгүй тайлбарлан таниулсан юм.

“Шинэ сум” төслийг иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх санаа бий болсон нь: 2008 онд тэрээр санхүүжилт олж, аймгийнхаа зүүн талын зургаан сум, аймгийн төвийг гэрэлтүүлэгтэй болгон, сумын төвийн асуудлыг шийдэхдээ анх удаа ямар нэг бүтээн байгуулалт, өөрчлөлт хийхээсээ өмнө иргэдийнхээ хандлагыг өөрчилж, тэдэнтэй хамтран хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгожээ.

Учир нь иргэд өөрсдийнхөө оролцоогүй, хамтран бүтээлцээгүй зүйлийг хайрлаж, хамгаалдаггүй юм байна гэдгийг тэрээр хатуу мэдэрчээ.

Дараа нь 2012 онд Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд энэ үед сумын төвийн шинэчлэлийн тухай яригдаж эхэлсэн байна. Засгийн газраас хэд хэдэн сумын төвийг шинэчлэх дэд бүтэц бий болгохоор сум бүрт таван тэрбум төгрөг баталж олгосон хэдий ч  түүний бодож, хүсч байсанд хүрээгүй аж. Яагаад гэвэл тэнд оролцоо байхгүй байсан хэмээн Р.Эрдэнэбүрэн ярилаа.

“Шинэ сум” төслийг хэрхэн хэрэгжүүлэв: Түүний дараа орон нутаг, иргэдээ таньж мэддэг учраас иргэдийн оролцоотой хамтарч энэ төслийг өөрийнхөө төрсөн нутаг Гурвансайхан суманд хэрэгжүүлэхээр шийджээ. Тэр үед Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийнхөн түүнтэй уулзаж, даргаар ажиллах санал тавьсны дагуу 2014 онд Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон байна. Түүний дараахан цагаан сарын нутгийн зөвлөлийн золголтын үеэр “сумаа шинэчилье” гэсэн санаагаа ярьтал хүмүүс нэг их тоосонгүй өнгөрч байжээ.

Харин цагаан сарын дараа 2014 оны хоёрдугаар сарын 15-нд тэрээр Гурвансайхан суманд ирэхэд өмнө нь бас нэлээд ярьж, таниулчихсан хэдий ч уулзалтад гуравхан ирж байж. Сумаа шинэчлэх талаар иргэдээр яриулахыг хүсч байсан ч түүний санаанд хүрээгүй, гэхдээ тэр шантарсангүй. Түүнээс хойш долоо хоног болгон ирж, иргэдтэйгээ уулзаж байсан бөгөөд уулзалтад ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байж. Р.Эрдэнэбүрэн хэлэхдээ “хамгийн гол нь маш их ярих хэрэгтэй байсан, хийх гээд байгаа энэ ажлыг иргэд ойлгож, хүлээж авах нь чухал байсан, түүний тулд тууштай явах хэрэгтэй байсан” гэсэн юм.  

Р.Эрдэнэбүрэн: Сүүлдээ манай сумынхан ойлгож, эхний ээлжинд хашаануудаа цэгцэлж, шугам сүлжээгээ бий болгоё гэж ярьж эхэлсэн. Иргэд цуглаж сурсан. Хоёр сар тууштай сумандаа ирж, иргэдтэйгээ уулзаж, ярилцсаны хүчинд дөрвөн сарын сүүлээр бид төлөвлөлтөө хийж эхэлсэн. Бид ирээдүйд бүх хашаандаа цэвэр бохир устай, халаалттай болно гэсэн зорилт тавиад хэрэгжүүлэхийн тулд бүх хашаагаа цэгцэлж, жигдлэх хэрэгцээтэй болсон. Мэдээж бэрхшээлгүй юм гэж байхгүй, гэхдээ л эцэст нь бид нар төлөвлөлтөө хийж эхэлсэн. Түүний дараа ажлын зураг, төслөө хийж, хэчнээн хэмжээний хөрөнгө шаардагдахаа тодорхойлсон.

Зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дэд бүтэц, хашаа гээд л бүх ажлаа төлөвлөж зурлаа. Хашааныхаа загвар, зураглалыг гаргалаа, ямар өнгөтэй байх талаар ч ярилцаж тохирлоо. Бид нарт эхний ээлжинд 3,5 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Гэхдээ бидэнд мөнгө байсангүй. Энэ мөнгөө яаж босгох вэ? Гадны хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргачдад төслөө танилцуулья, авчирч үзүүлье, үнэхээр энэ сумынхан энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсч байгаа юм байна, үнэхээрийн ийм хэрэгцээ байгаа юм байна гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй байсан.

Би бол Улаанбаатарт бүх ажлыг нь хариуцаж, хөрөнгө оруулагчдыг дагуулж ирэх ажлыг амжуулж, манай сумынхан хүлээж авч, хийх гэж байгаа зүйлээ ойлгуулж, хөрөнгө оруулагчдынхаа сэтгэлийг хөдөлгөж, сүүлдээ байгууллагын дарга нар маань ямар ч тохиолдолд хөрөнгө босгох ажилд гаршсан байсан.

Маш олон хөрөнгө оруулагчдыг авчирч байсан. 20-200 хүртэл хүнийг урьж ирүүлэхэд хамгийн сонин нь тэр хүмүүсийн тав тух, хоол ундыг манай сумынхан л бэлтгэдэг байсан. Сумаараа л хөдөлж, үйлчилдэг байсан байх. Ямар ч л байсан ирсэн хүмүүс бүгдээрээ сэтгэл хангалуун буцдаг байсан.

Ингээд мөнгө босгох энэ үйл ажиллагаа хоёр сар үргэлжилсэн. Зургаан сар гэхэд бид нар үндсэндээ мөнгөө олж чадсан. Азийн хөгжлийн банкнаас 2,5 тэрбум төгрөг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 250 мянган ам доллар, ОНХС-аас 400,0 сая төгрөг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайгаас 250,0 сая төгрөг, иргэдээс 800,0 сая төгрөг Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас 550,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төслөө хэрэгжүүлсэн. Энэ дээр иргэд хөрөнгө оруулсан гэдгийг сайн анхаараарай.

Нэгэнт мөнгө бүтсэн учраас гэрээнүүдээ хийж, зургаан сард ажлаа эхэлсэн. Эхний ээлжинд хийсэн ажил маань гурван сар буюу 90 хоног үргэлжилсэн. Яагаад ийм хурдан хугацаанд энэ ажлыг хийж чадав гээд бодохоор маш удаан ярьж, ойлголцож, тохиролцож, бүх хүмүүс ижилхэн мэдээлэлтэй байсан учраас бэрхшээл бага гарсан. Үндсэндээ долоо хоногийн дотор л бүх хашаагаа буулгачихсан.

Бүх айл гэртээ усанд орж, гэртээ ариун цэврийн өрөөтэй болж, гал түлэхгүйгээр дулаахан байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, усан сан, уурын зуухыг бий болгох шаардлагатай байсан. Энэ ажлуудыг бид хамгийн бага хэмжээтэйгээр, хамгийн бага зардлаар шийдэж чадсан. 50 м3, цэвэрлэх байгууламж, мөн хэмжээний усан санг байгуулж, социализмын үед ашиглаж байсан уурын зуухыг аймгийн дулаан хангамжийн "Ган илч" ХХК-д өгч, асуудлыг хялбархан шийдсэн.

Хамгийн хэцүү ажил бол “ногоон байгууламж” бий болгох асуудал байсан. Маш гоё ногоон байгууламжтай болно гээд ярилцчихсан байдаг. Улаанбаатараас зөвлөх авч ирээд энэ ажлаа эхлэх гэтэл сумын хөрсөнд зүлэг ургах ямар ч нөхцөлгүй болж таарсан. Тэгээд Дэлгэрцогт сумын урд хэсгээс хөрс зөөхөөр болж, жоншны машинуудтай гэрээ байгуулж, хөрсөө тээвэрлэж авчирсан. Сумын иргэд хүүхэд, хөгшидгүй гарч сумынхаа төвийн бүх хөрсийг тэгшилж, янзалж, мод, зүлгээ суулгаж байсан. Иргэд маань маш их ажил хийсэн.

Ингээд өөрсдөө оролцож, янзалж, тарьсан модоо ирэх жилээс нь усалж, хамгаалах ажилд бүх өрх оролцдог байсан. Ээлжээр модоо усалж, сумын төвийнхөө хогийг бүгд гараад цэвэрлэчихдэг болсон. Өөрсдийнхөө гараар бүтээсэн бүхнийг өөрсдөө хамгаалж, тордож чаддаг гэдгийн маш том жишээ бол энэ юм.  

“Шинэ сум” төслөөр юу хийсэн бэ:  90 хоногийн хугацаанд дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын систем, авто замын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 180 айлын хашааг жигдрүүлэн шинэчилж, ногоон байгууламж бий болгосон байна. Энэ ажил эхлэхээс өмнө шинэ цэцэрлэгтэй болсон байсан бөгөөд төслийн дараа шинэ сургууль, Соёл спортын (SSS) цогцолбор байгуулж, мянгатын сангаар Жижиг дунд үйлдвэрлэлийн парк барьж, цэвэр, бохир ус, халаалтын шугам тавьж, “Шинэ сум” төсөл үргэлжилсээр байгааг тэрээр танилцууллаа.

“Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд өнөөдөр Гурвансайханчууд гал түлэхгүй, ус зөөхгүй, Улаанбаатарт амьдарч байгаагаас ялгаагүй орчинд амьдрах тэр л нөхцөл, боломжийг бүрдүүлж чаджээ. Ийм үр дүнд хүрч чадсаны хамгийн гол амжилт нь “иргэдийн оролцоо, хамтын хүчин зүтгэлийн хүч байсан” гэдгийг төсөл санаачлагч Р.Эрдэнэбүрэн дахин дахин тодруулан хэлж байсан.

Иргэдийн бодитой оролцоог бий болгохын тулд тэдэнд хийх гэж байгаа зүйлээ тууштай ойлгуулж, бүх хүн ижил мэдээлэл авч, нэг ойлголттой болох нь чухал ажээ. Ингэснээр тэдний оролцох суурь бий болж, оролцож, оролцсоноороо амьдрах орчноо сайжруулж чаддагийн хамгийн энгийн бөгөөд хамгийн ойрын жишээ энэ байна. Оролцооны тухай жишээг бид гадны улс орноос хайх хэрэггүй буюу энэ жишээн дээр тулгуурлаад иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх боломж байгааг ухаарах хэрэгтэй юм. Иргэн хүн оролцож байж, оролцоог сурдаг ажээ.   

Холбоотой мэдээ