“Цэвэр агаар төсөл”-ийг нэмж санхүүжүүлэх хэлэлцээр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-12-13 15:22:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийг нэмж санхүүжүүлэх хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар  өнөөдөр гарын үсэг зурлаа.

Дээрх төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран нийслэл хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Нэмэлт санхүүжилтээр 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох юм. Энд гэр хорооллын 5000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа нийслэлийн Засаг дарга илэрхийлэв.



Гэр хорооллын 5000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэж, 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгөх юм.



Мөн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлж, эрчим хүчний татаасын хэмжээг бууруулж, иргэдийн өөрсдийн идэвх санаачилгаар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргана гэж үзжээ. Ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм байна.  

Түүнчлэн гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулж, үүний үр дүнд нь 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгөх юм байна.


Холбоотой мэдээ