2020 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-11 18:26:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд баталж, 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Ингэснээр залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын эрхзүйн орчин илүү бүрдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймаг 2020 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

Сүхбаатар аймаг 2019 онд залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр,  2018 онд Хариуцлагатай залуу үе хөтөлбөрийг тус тус баталсан байдаг. Мөн аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төв, аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан залуучуудын зөвлөл ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч  төрийн оролцоотой бодлогын түвшинд нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлага зайлшгүй байгаа учир ийнхүү 2020 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа хэлэхдээ, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын байгууллагаас удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлагуудыг хийсэн. Үүн дээр энэ санал гарсан. Энэхүү санаачилгыг иргэд янз бүрээр хүлээн авч байна. Залуучууд өөрсдөө манлайлж, идэвхийлэх ёстой гэх байр суурийг цахим орчинд хүмүүс илэрхийлж байна. Мэдээж энэ зөв, гэхдээ залуучуудыг сэргээж, дэмжиж хамтран ажиллахын тулд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Манай аймгийн хувьд залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Бид үүнээс ажлаа эхлэх ёстой. Залуучууд ажилтай орлоготой байж, сая орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцох нөхцөл бүрдэнэ гэв.

Тус аймаг 65,3 мянган хүн амтай. Үүнээс 15-34 насны буюу нийт хүн амын 32,6 хувийг залуучууд эзэлж байна.

 

 

 


Холбоотой мэдээ