Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зөвшөөрөл давхар эзэмшихийг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 17:48:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв.


Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Ингэхдээ, ажиллах онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн өргөн нэвтрүүлгийн болон суваг дамжуулагчид тавигдах ерөнхий шаардлагыг тусгаад байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан байна. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.



Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Төсөлд “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай заалт нэмэхээр болов. Мөн “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтов.


Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын баг үзсэн байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээ