“Эрх зүйн хөтөч" булан нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-10 10:00:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах жишиг аймгаар Сэлэнгэ, Хэнтий аймаг шалгарчээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Олон улсын худалдааны төвд байрлах “Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхимд “Эрх зүйн хөтөч”-ийн буланг шинээр нээлээ.

Хууль эрх зүйн бүх төрлийн мэдээллийг иргэд энэхүү булангаас хэвлэн авч, танилцах боломжтой болж байгаа гэнэ. Ийнхүү Монгол Улсдаа жишиг болох зорилтын дор Сэлэнгэ аймаг орон нутагтаа сургалт зохион байгуулж, 17 сум, 6 тосгоны нийт 23 байгууллагад иргэдэд үйлчлэх эрх зүйн хөтчийг бэлтгэжээ. Мөн сум, тосгодод эрх зүйн булан нээхэд шаардагдах тоног төхөөрөмжийг Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нээлттэй нийгэм форум”-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд нээсэн “Эрх зүйн хөтөч” булангийн нээлтэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Ёндонжамц, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Нээлттэй нийгэм форумын төслийн зохицуулагч П.Бадамрагчаа, ХЗҮХ-ийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нарын албаны хүмүүс, сум, тосгодын эрх зүйн хөтөч нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2-р сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталсан аж. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форум дэмжлэг үзүүлж, эрх зүйн хөтөч www.e-khutuch.mn цахим санг үүсгэн иргэдийн хүртээл болгоод байгаа аж. Энэхүү цахим санд иргэдэд нэн шаардлагатай,түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэг болох мэдээлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг оруулсан байна. Мөн хялбаршуулсан хууль зүйн мэдээллийн цахим сан нь иргэд хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах боломжийг олгосноороо давуу талтай ажээ.  

Холбоотой мэдээ