Япон улсад асрамжийн ажилтан ажиллуулах талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-09 11:36:38
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Япон улсын Токио хотын Итабаши дүүргийн “Асрах газрын холбоо”-ны тэргүүн Масомачи Томаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрүүл мэндийн газар болон ХХҮГ-ын дарга, “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Уулзалтын зорилго нь Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр асрамжийн газрын ажилтан ажиллуулах чиглэлээр ярилцлаа.

Япон улсын нийт хүн амын 25 хувь нь ахмадууд бөгөөд дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэх аж. Мөн япон хүний дундаж наслалт 84 байдаг тул цаашид ахмад настан нэмэгдэх, тэднийг асран, хамгаалах чиглэлээр тус улс есөн улсаас ажилтан авах гэрээ хийжээ. Үүний нэгд Монгол Улс багтсан байна. Тиймээс Орхон аймгаас япон хэлний №4 түвшний мэдлэгтэй, асрахуйн анхан шатны мэдлэгтэй буюу үүнийгээ баталгаажуулж Асрахуйн шалгалтад тэнцсэн иргэдийг сонгоно гэлээ. Хэрэв дээрх шалгуурыг хангавал Токио хотод гурван жил хүртэл ажиллаж япон хүний дундаж цалингаар цалинжих гэнэ.

Итабаши дүүргийн “Асрах газрын холбоо”-ны тэргүүн Масомачи Тома хэлэхдээ, “Манай дүүрэгт асрамжийн олон төв бий. “My Life” төвд л гэхэд 60 асрагч ажилладаг. Тэд өдрийн цагаар болон ахмад настнуудыг гэрт нь очиж асрах үйлчилгээ үзүүлдэг. Япон улсад 65-аас дээш насны ахмадууд асрамжийн төвд ханддаг. Иймд асрамжийн ажилтны эрэлт их байдаг тул хэлний мэдлэгээ хангасан хүн бүрт нээлттэй” гэлээ.

Япон улсад асрамжийн ажилтан гаргах асуудлаар хоёр тал дахин ярилцаж эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх ажээ. 

Холбоотой мэдээ