Парисчууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-12-06 12:56:48

ПАРИС. /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотод тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 хүн баривчилсан тухай хотын цагдаагийн газар мэдээлжээ.


Францын үйлдвэрчний томоохон эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн Парис хотод олныг хамарсан жагсаал зохион байгуулжээ. Жагсаал пүрэв гарагт нийслэл хотын Зүүн вокзалаас эхэлсэн бөгөөд жагсагчид Үндэстний талбай хүртэл жагссан байна.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид дэлгүүрүүдийн цонхыг хагалж, цагдаа нар руу петард шидэж эхэлжээ. Эмх журам сахиулагчид хариуд нь нулимс асгаруулагч хий ашигласан байна. Жагсагчид мөн Үндэстний талбай дээр дугуй шатаасны улмаас талбай болон зэргэлдээх гудамжууд утаа, нулимс асгаруулагч хийгээр бүрхэгджээ.


Телевизийн “BFMTV” сувгаар мэдээлснээр, Нант, Бордо хотуудад болсон жагсаалын үеэр мөн эмх замбараагүй байдал дэгдэж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ.


Холбоотой мэдээ