Завхан аймаг мал аж ахуйн салбарт АНУ-тай хамтран ажиллана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-12-09 16:17:30

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташейн албатай хамтран мал аж ахуйн салбарын чиглэлээр сургалт явуулжээ.

Энэ хүрээнд малын эрүүл байдлыг хадгалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын онцгой байдлын төлөвлөлт ба хариу арга хэмжээ, малын нядалгаа, нөөц бүрдүүлэх нөхцөлүүд, дээж авах, лабораторийн шинжилгээ хийх зэрэг сэдвээр дөрвөн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын ажилчид, малын эмч нар, Зоонозын өвчин судлалын төвийн шинжээчид, Онцгой байдлын газрын албан хаагч нар зэрэг 50 гаруй албан тушаалтан оролцож үр дүнтэй сургалтад суулаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Сургалтын үеэр оролцогчид малын халдварт өвчний талаарх долоон төрлийн мэдээлэл солилцох дадлага ажил хийсэн нь үр дүнтэй боллоо. Энэхүү сургалт нь Завхан аймаг болон Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашид иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйд тус улсад суралцах боломжийг нээх зорилгоор Улиастай суманд Америкийн соёлын буланг нээхээр боллоо. Мөн сургуулийн өмнөх боловсролын сургалтад англи хэл, дуу, бүжгийн хичээлийг нэмж оруулах, Завхан аймагт Америк стандарттай цэцэрлэг байгуулах зэргээр боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт хамтран ажиллахаар боллоо хэмээн нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ