Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-05 21:37:49

Увс /МОНЦАМЭ/. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах, хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчдөө хийх хэрэгтэй гэдгийг аймгийн МХГ-аас иргэдэд хандан анхааруулж байна.

Хэрвээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал худалдаж авахгүй байхыг санууллаа. Мөн өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал авахаас татгалзах хэрэгтэй гэж байна.

“Зах, худалдааны төв, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд муудаж, чанар аюулгүй байдал нь алдагдсан байвал аймгийн МХГ-ын улсын байцаагчид болон 70452288 утсанд мэдээлэл өгч шалгуулах хэрэгтэй. Шинэ жилийн баяр ойртсон энэ үед өөрийнхөө болон эрх гэрийнхээ гишүүдийн амь нас, эрүүл мэндэд анхаарч, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аюулгүй эсэхийг сайтар шалгах хэрэгтэй” хэмээн аймгийн МХГ-ын ЭАХХ-ын Улсын байцаагч Ц.Дэлгэрмаа зөвлөлөө.

 

 

Холбоотой мэдээ