Л.Мөрдоржийн зохиосон "Төрийн дуулал"-ын аяыг анхны хувилбараар нь тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-04 17:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хорьдугаар зууны манлай хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 19 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн теарт болно.   

Энэ тоглолтын тухай "Л.Мөрдорж сан"-гийн тэргүүн Э.Бадрал, дэд тэргүүн Г.Тэнгис, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоо, МХЗХ-ны ерөнхийлөгч Б.Бямбабаяр нар мэдээллээ.

Мэдээллийн эхэнд Л.Мөрдоржийн ач хүү Э.Бадрал "Энэ оройн хүндэтгэлийн тоглолтод өвөөгийн 1949 онд зохиосон төрийн дууллын аяыг анхны хувилбараар нь тоглох гэж байгаа нь онцлог. Д.Сэнгээ, Я.Дүгэржав, Ч.Лодойдамба нарын шүлгэнд ая хийж төрийн дуулал зохиох уралдаанд оролцсон байдаг. Ингээд Х.Чойбалсан тэргүүтэй комиссын сонголтоор Л.Мөрдоржийн дахилт, Б.Дамдинсүрэнгийн бадагт хийсэн аяыг нийлүүлж анхны төрийн дууллыг эгшиглүүлж,  дуулуулж байжээ. Мөн хүндэтгэлийн тоглолтод Богд хаант засгийн үед Төрийн дуулал болж байсан "Зуун лангийн жороо луус" дууг бас тоглоно. Үүнтэй холбон Л.Мөрдоржийн анхны хувилбар, бас 1961 онд дахин баталсан Төрийн дууллыг хамтатган эгшиглүүлнэ. Энэ бол яах аргагүй Богд хааны Төрийн дуулалтай болохыг мөрөөдөж байсныг өргөмөл хүү Мөрдорж нь биелүүлсэн түүхэн тохиол гэж бид үзэж байгаа. Мөн  Монголын анхны симфони гэж нэрлэгддэг, 1955-1956 онд Оросод суралцаж байхдаа дипломын ажил болгон Москвад зохиосон "Нэгдүгээр  симфони"-ийг сэргээн пянз болгон Америкад хэвлүүлсэн" хэмээн ярилаа.


Зээ хүү Г.Тэнгис "Бид өвөөгийн бүх л эх бичмэл, бүтээлийн анхны хувийг олж, эмхлэн цуглуулж 350 гаруй жагсаалт гарган Улсын архивын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. "Л.Мөрдоржийн нэрэмжит улсын уралдаан"-ыг дөрвөн жилд хийдэг уламжлалаа бататгана. 2020 оноос эхлэн Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяастны шагнал бий болгож хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд олгохоор боллоо. Өнөө оройн хүндэтгэлийн тоглолтын орлогоос Монгол Улсын Консерватори, СУИС-ийн оюутнаас шалгаруулж анхны шилдэг залуу авьяастныг шагнана" гэлээ.

БСШУСЯ-ны мэргэжилтэн Г.Ичинхорлоо:- "Сонгодог урлаг" хөтөлбөрийн хүрээнд энэ жил 100 жилийн ой нь тохиож байгаа Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын ойг тэмдэглэж байна. Саяхан  Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын Төрийн дууллын эхийг Монгол Улсын Төрийн түүхийн музейд заллаа. Архивын ерөнхий газарт "Л.Мөрдорж сан" нээж, бүтээлүүдийг бүртгэж, хүлээлгэн өглөө. Бүтээлийг нь Монголын үндэсний музей, Театрын музей зэрэгт хадгалууллаа. 

МХЗХ-ны ерөнхийлөгч Б.Бямбабаяр:- Бид их хөгжмийн зохиолчийн 100 жилийн ойг бүтэн жилжингээ тэмдэглэж олон төрлийн ажил хийлээ. Улсын филармонид Л.Мөрдоржийн бие даасан симфони хөгжмийн тоглолт, Үндэсний урлагийн их театрт үндэсний их найрал хөгжмийн бүтээлүүд, Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-д түүний уран бүтээлийн тоглолт хийж, УДБЭТ-т "Хөхөө Намжил" дуурийг нь Л.Эрдэнэбулганы найруулгаар  шинэчлэн тоглов. Одоо Үндэсний үлээвэр хөгжмийн чуулга анх удаа Төрийн дууллынх нь эх хувилбарыг тоглох гэж байна. МХЗХ-ноос Л.Мөрдоржийн киноны хөгжмийг СD болгон гаргах гэж байгаа. Бид ийм бэлэгтэй өнөө оройн тоглолтыг хийнэ.

Өнөөдрийн хүндэтгэлийн тоглолтод урлагийн бүх байгууллагаас уран бүтээлчид оролцох юм. Л.Мөрдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.


Холбоотой мэдээ