Эртний цайны морин замыг дэлхийн өвд бүртгүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-04 11:11:15
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, Монгол Улс, ОХУ хамтран эртний цайны морин замыг дэлхийн өвд бүртгүүлэхээр хүсэлт гаргажээ. Энэхүү үйл явдал нь олон улсын хамтын ажиллагааны нэгэн жишиг болно гэж ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Сергей Калашников мэдэгджээ.


“БНХАУ, Монгол Улс, ОХУ хамтран цайны морин замыг дэлхийн өвд бүртгүүлснээр тус замын дагуу орших улс орон, хот, бүс нутгийн соёл, эдийн засгийн хөгжлийг ахиулаад зогсохгүй соёл, технологи, худалдааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг бий болгоно” гэж тэрбээр БНХАУ-ын зүүн хэсгийн Фужянь мужийн Вүишань хотноо болсон чуулганы үеэр мэдэгдсэн байна.


Тус чуулганд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эрдэмтдээс гадна цайны морин зам дагуу орших хотуудын төлөөлөгчид оролцжээ.


Торгоны замын дараа буюу 17-р зуунд бий болсон энэхүү зам нь Вүи уулаас эхэлж, Жянши, Хунань, Хубэй, Хөнань, Хөбэй, Шаньси, Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэх мэт БНХАУ-ын мужуудаар дайран өнгөрдөг байна. Түүнчлэн  Монгол Улс, ОХУ-ын нутгаар дайрч нийт 13 мянган километр үргэлжилдэг уг худалдааны зам 200 гаруй хотын хөгжилд хувь нэмрээ оруулжээ.


Ташрамд дурдахад, эртний цайны морин замын дагуу цайны цэцэрлэгт хүрээлэн, цай хийх арга, боомтууд болон соёлын биет бус өвүүд бий болсон байна. Тус замыг энэ оны гуравдугаар сард “БНХАУ дахь Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад” оруулжээ.

Холбоотой мэдээ