Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-03 12:23:05
Yesukheitumur Tumurbaatar

ТЕХРАН. /Aljazeera/. Иранд шатахууны үнэ өссөнийг эсэргүүцсэн жагсагчид болон тус улсын аюулаас хамгаалах хүчин хооронд болсон мөргөлдөөний үеэр хамгийн багадаа 208 хүн амиа алдсан гэж “Amnesty International” байгууллага мэдэгдлээ.


Иранд шатахууны үнэ өссөний эсрэг эсэргүүцлийн ажиллагаа 11 дүгээр сард эхэлж, улмаар орон даяар эрчийг авсан байна. Тус улсын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 140 орчим олон нийтийн газар жагсагчдын хөлд өртөж, сүйджээ.


Лондон хотод төвтэй хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага хохирогчдын ар гэр, сэтгүүлч, идэвхтэнүүд зэрэг Иран доторх болон гаднах “баттай эх сурвалж”-ийн мэдээлэлд үндэслэн дээрх мэдээллийг гаргасан байна. 


Тус байгууллага “Ираны аюулаас хамгаалах хүчин аймшигт аллага үйлдэж байгааг нотлох баримт нь хохирогчдын тоо юм” гэж мэдэгдээд, хохирогчдын ар гэрийнхнийг хэвлэлд ярилцлага өгч, оршуулгын ёслол хийж болохгүй гэж дарамталж байгааг буруушаасан байна. 


Үүнээс гадна АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон өөрийн твиттер хуудсаараа Ираны Засгийн газрыг шүүмжилжээ. Ираны эсрэг хатуу чиг шугамыг баримталдаг тэрбээр, “Ираны аюулаас хамгаалах хүчнийхэн хэд хэдэн газарт зэвсэггүй жагсагчид руу гал нээсэн байна. Энгийн иргэдийг хяддаг Засгийн газарт итгэж, хэлэлцээр байгуулж, цөмийн асуудлыг ярих боломжгүй” гэж бичжээ.


Харин Ираны Засгийн газрын зүгээс энгийн иргэд амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ тоо үндэслэлгүй худал мэдээлэл гэж няцаагаад байна.


Холбоотой мэдээ