БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын ШУТ-ийн сайд Ван Жыгантай уулзав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-03 08:59:49

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай ажлын уулзалт хийж, хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Монголын талаас БСШУС-ын сайдын ахлах зөвлөх Ж.Хатанбаатар, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Паркийн захиргааны захирал Б.Бат-Өлзий болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцов. Хятадын талаас ШУТ-ийн сайдын зөвлөх Руань Шянпин, ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны танхимын дарга Сун Жунин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.    

Мөн Ё.Баатарбилэг сайд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шү Ган, Боловсролын сайд Чэнь Баошөн нартай албан ёсны уулзалт хийж, “Монголын соёлын өдрүүд” -ийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаануудад оролцох юм.
Холбоотой мэдээ