Ким Жөн Ун агаарын десантын цэргүүдийн сургуулийг удирдан явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-18 11:15:23

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун тус улсын Агаарын цэргийн хүчин болон Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн ангийн бүрэлдэхүүнд ордог агаарын десантын цэргийн анги нэгтгэлийн сургуулийг удирдан явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч ажиглалтын цэг дээр ирж, сургуулийн төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа десантын цэргүүдийн тодорхой цэгт буух сургуулийг биечлэн удирдан явуулжээ. KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун “десантын цэргүүдийн эмх цэгцтэй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, тэднийг зоригтой, найдвартай, жинхэнэ дайчид” гэж мэдэгдсэн байна.


Сургуулийн дараа Ким Жөн Ун агаарын десантын цэргийн анги нэгтгэлийн ийм сургуулийг “дүрэм, журмыг дагаж мөрдөхгүйгээр, гэнэт, жинхэнэ тулалдаанд ойр, хамгийн хүнд нөхцөлд” хийх зааварчилгаа өглөө гэж KCNA агентлаг мэдээлэв. “Цэргийн ийм сургуулиуд нь Солонгосын ардын армийн анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх боломж болох ёстой бөгөөд цэргүүдийн тэсвэр хатуужлыг шалгана” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг KCNA агентлаг уламжилжээ.


Холбоотой мэдээ