"Дашваанжил газ" ХХК 50 дахь салбараа Баруун-Уртад нээлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-13 21:34:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт хийн газан хөдөлгүүртэй 50 гаруй автомашин, үйл ажиллагаандаа тогтмол хийн газ ашигладаг 27 ААНБ, 100 гаруй хэрэглэгч бий. Эдгээр хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулахын зэрэгцээ эдийн засаг, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг орон нутгийн иргэдэд түгээх зорилгоор "Дашваанжил газ" ХХК 50 дахь салбараа Баруун-Урт суманд нээлээ.

20 гаруй жилийн түүхтэй компани маань хэрэглэгчиддээ илүү ойртсоор байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн шинэхэн салбар нээгдэж буй явдал юм. Энэ чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа орчны болоод ажилчдын аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөлийг стандартын түвшинд бий болгосон. Газ гэхээр ихэнх иргэн зөвхөн гал гаргах зориулалтаар эсвэл автомашины хэрэглээ төдийхнөөр төсөөлдөг. Гэтэл хийн газаар халаалт дулааны асуудлыг шийдвэрлэх, бойлуур халаах гээд олон төрлөөр ашиглаж болдог гэдгийг манай компани харуулж, туршилтуудаа амжилттай үргэлжлүүлж байна. Тэгэхээр Сүхбаатар аймгийн иргэд маань ч үүнтэй хөл нийлүүлэн алхаж, манай бүх үйлчилгээг орон нутагтаа авах боломжтой болж байна гэдгийг тус компанийн Авто станц борлуулалт, үйлчилгээний албаны дарга Д.Баянмөнх нээлтийн үгэндээ онцлов.

Тус салбар нь авто болон ахуйн хэрэглээний газаас гадна хийн плитка, бусад хэрэгслүүдийг орон нутгийн иргэдэд зах зээлийн ханшаас хямд үнээр худалдан борлуулах юм. Мөн нэгэн шинэ ААНБ-ын үйл ажиллагаа ийнхүү эхэлснээр Баруун-Урт сумын дөрвөн иргэн байнгын ажлын байртай болжээ. Цаашид ажилчдынхаа тоог дахин нэмэгдүүлнэ гэдгээ ч холбогдох хүмүүс илэрхийлж байсан юм. 

Холбоотой мэдээ