Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-12 14:53:35

ТОКИО. /TASS/. Японы иргэдийн нэрийг латин үсгээр бичих шинэ журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд гол төлөв албан ёсны баримт бичигт нэвтрүүлнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Одоогийн байдлаар Японд овог нэрийг гадаад хэлээр бичих тохиолдолд ихэнх улс оронд мөрдөж буй эхлээд нэрийг нь дараа овгийг нь бичдэг журмыг баримталдаг байна. Харин японоор бичих үед овгийг урд нь бичдэг ажээ. Жишээлбэл, тус улсын одоогийн Ерөнхий сайдын нэрийг “Шинзо Абэ” бус “Абэ Шинзо” гэж бичиж, дууддаг байна.


Гадаад харилцааны яамнаас баталсан төлөвлөгөөнд заасны дагуу шинэ журам нь Засгийн газрын болон яамдын цахим хуудаснууд, нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудаснууд, Японы төлөөлөгчидтэй хийсэн хоёр талын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэл зэрэг янз бүрийн баримт бичгүүдэд хамаатай байна. Алдаа гарахаас, мөн тодорхойгүй байдлаас зайлсхийхийн тулд шинэ журмын дагуу шаардлагатай тохиолдолд овгийг эхэнд нь бичихдээ бүгдийг нь том үсгээр бичиж болно.


Шинэ журмын гол санаачлагчдын нэг нь Японы Гадаад хэргийн сайд асан Таро Коно ажээ. Тэрбээр одоо Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байгаа юм. 

Холбоотой мэдээ