Өөр аймгийн малыг орон нутагт оторлуулах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-12 09:54:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутаг дэвсгэрт 2017 оноос хойш отроор 60 гаруй мянган мал орж ирсэн гэсэн холбогдох газраас хийсэн судалгаа бий. Гэхдээ судалгаанд хамрагдаагүй, аймаг орон нутгийн удирдлагад мэдэгдээгүй маш олон мянган адуу өнгөрсөн жилүүдэд нууцаар нутаглаж байсныг аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох онцлов. Тиймээс энэ өвөл өөр аймгийн отрын малыг оруулахгүй байх бодлого барьж ажиллана гэдгээ тэрээр хэллээ.

2018-2019 оны өвөл отроор 19,9 мянган мал нутагласны 18,3 хувь нь адуу байжээ. Отроор мал орж ирэх нь газар нутаг, бэлчээрийг үгүй хийхийн зэрэгцээ үүнийгээ  дагаад маш олон эрсдэл бий болж байдгийг ч тодотгов.

Сүхбаатар аймаг 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 орчим хувьтай хангажээ. Өөрийн аймгийн нутаг дэвсгэрт 4,3  сая орчим толгой  мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ.

Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг бүрдүүлэх зорилгоор Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга суманд хадлангийн салаа гарсан байна. Малын угаалга туулга, вакцинжуулалтыг цаг хугацаандаа бүрэн хийж дууссан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ