Хонконгт жагсаал дахин өрнөжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-03 10:39:21

ХОНКОНГ. /NHK/. Бямба гарагт Хонконг арлын олон арван мянган оршин суугч энэ сард болох дүүргийн зөвлөлийн сонгуульд өрсөлдөх ардчиллыг дэмжигч нэр дэвшигчдийн хамт тус арлын цэцэрлэгт хүрээлэнд жагсжээ.


Жагсагчид томоохон жагсаал цуглаануудын үеэр нүүрээ халхлах хоригийг хүчингүй болгохын шаардаж байгаа аж. Өчигдөр болсон жагсаалын үеэр баг зүүсэн залуу жагсагчид Хятадын төрийн өмчит “Xinhua” агентлагийн байр луу халдсан хэрэг гарчээ. Тэд орох хаалгуудыг эвдэлж, нэгдүгээр давхарт гал тавьсан байна.  


Мөн Хонконгийн олон дэлгүүр оршдог дүүрэгт метроны буудал руу шатахуун бүхий бөмбөгүүд шидсэн байна. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.


Эсэргүүцлийн жагсаал сүүлийн тав орчим сарын турш өрнөж байгаа бөгөөд жагсагчдын тоо аажмаар буурсаар байгаа аж. Гэсэн хэдий ч цагдаагийн гэм буруутай үйлдлийн талаарх олон нийтийн дургүйцэл намжаагүй байна. 

Холбоотой мэдээ