Ө.Сэржмаа: Эрүүл, цэвэр, соёлч боловсон, аядуу зөөлөн харьцаатай байхад үйлчлүүлэгч тасрахгүй шүү дээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-01 11:21:49

Увс /МОНЦАМЭ/. “Зогсоо хайрхан” зоогийн газрын ахлах тогооч Ө.Сэржмаатай ярилцлаа. Тус зоогийн газар нь аймгийн төвдөө нэр хүнд сайтай, олон төрлийн хоол ундтай, үйлчлүүлэгч ихтэй хоолны газруудын нэг юм.



-Үйлчлүүлэгч нарыг амт чанартай, илчлэг сайтай хоол ундаар дайлахын тулд та хэр санаа тавьж ажилладаг вэ?

-Тогоочийн мэргэжил бол маш их хариуцлагатай, няхуур нямбай ажиллахыг шаарддаг. Миний хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр амттай, чанартай, порц сайтай олон төрлийн хоол хийж ард иргэдэд үйлчлэхийг байнга хичээж ирсэн. Хаа сайгүй л ресторан, цайны газар байна. Тэр бүү хэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амралт сувиллын газрууд хүртэл хоол үйлдвэрлэж байгаа. Хамгийн гол нь эдгээр гал тогоо бүхий газруудад ажиллаж байгаа тогооч нар маань эрүүл хүнсээр хоол хийж ард иргэдэд үйлчилж байгаасай гэж боддог. Бидний хийсэн хоол хүнснээс хүмүүс хордлого авч амь нас, эрүүл мэндээрээ хохирох вий гэхээс байнга эмээж явдаг.

-“Зогсоо хайрхан” зоогийн газар хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2015 оноос эхлэн 50 суудалтайгаар ажиллаж байгаа. Би Завхан сумын уугуул, Улаангом сумын суугуул хүн. Миний төрсөн сум Завхан голын дэргэд Зогсоо хайрхан гэж малчдад ээлтэй, малд өгөөжтэй сүрлэг сайхан уул байдаг юм. Нутаг усныхан маань энэ ууландаа цай сүүнийхээ дээжийг өргөж, сан салхи тавьж, залбирч шүтэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Иймээс энэ сайхан уулынхаа нэрийг зоогийн газартаа өгсөн болохоор өдрөөс өдөрт манай үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа.   

-Зоогийн газрынхаа гол хүнсний бүтээгдэхүүнүүдийг хаанаас авч байна?

-Мах, ногоо, сүүгээ хүнсний захын таньдаг ченжүүдээс бөөний үнээр авдаг. Манайх дандаа хонь, үхрийн махаар хоол хийдэг. Тэмээ, ямааны мах хэрэглэдэггүй. Махны үнэ хоёр дахин өссөн ч бид хоолныхоо үнийг нэмдэггүй. 2015 онд анх нээж байхад хоолны үнэ ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Тухайн үед хонины ястай мах 4500, үхрийн ястай мах 6500 байсан бол одоо хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500 төгрөгийн үнэтэй болсон. Мах үнэтэй байна гээд хоолны үнэ ханшаа нэмж хүн шулахыг бид боддоггүй. Зөвхөн зардлаа нөхөж, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохыг гол болгодог.

-Танайх хэдэн ажилтантай вэ?

-Арван хүнийг ажлын байраар хангаж байгаа. Сард дунджаар 500 мянган төгрөгийн цалин олгодог. Ажилчдын хувиасаа төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг манайх өөрийн орлогоосоо төлдөг. Сар бүр хүн тус бүр дээр 43200 төгрөг төлж, нийгмийн даатгалын байцаагчаар ажилчдын дэвтэрт бичилт хийлгэдэг. Мөн ажилчдын цалингаас ашгийн татвар суутгадаггүй. Цаашдаа ч авахгүй гэж бодож байгаа. Аймгийн Татварын хэлтэст манайх 45 сая төгрөгийн татварыг төлсөн байдаг. Ийм болохоор манай ажилчид тогтвор суурьшилтай, чин сэтгэлээсээ сайн ажилладаг. Миний туслах тогоочоор Д.Сүрнээ гээд бүсгүй ажиллаж байна.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Миний ханийг Т.Даваасүрэн гэдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Зоогийн газрын маань гол түшиг тулгуур нь миний хань байгаа юм. Барилгаа өргөжүүлж тохижуулах, машины зогсоол барих гээд үйлчлүүлэгч нарыг ая тухтай, амар тайван орчинд сайхан хооллоод гарах бүх нөхцөл боломжийг нөхөр маань бүрдүүлж өгсөн.

Энэ зун манай Завхан сум түмэн тэмээтэй болсныхоо баярыг тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр манай нөхөр сугалаагаар тэмээ хожсон юм. Хариуд нь бид Түмэн тэмээний баярын их насны морины уралдааны түрүүг гурван сая төгрөгөөр байлсан. Уг шагналыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач хүртсэн.    

-Танайхыг мянгат малчин байсан гэж дуулсан. Яагаад мал маллахаа больсон бэ?

-Манайх 2007 онд сумандаа Мянгат малчин болж, нөхөр маань Мянгат малчдын зөвлөлгөөнд хүртэл оролцож явсан. Тухайн үед олон бага хүүхэдтэй, залуу гэр бүл мал маллахад хэцүү байсан. Ган зуд ихтэй, чоно нохой элбэгтэй, малын халдварт өвчин нүүрлэсэн он жилүүд 2000 оны эхээр үргэлжилж байсан. Зуднаар олон мал хорогдож, бас хүн хүч хүрэлцэхгүй болсон тул суурин газар бараадахаас өөр аргагүй болсон. Бас хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож аймгийн төвд шилжиж ирсэн.  

Аймагт анх ирээд нөхөр бид хоёр хивс цэвэрлэгээний ажил эрхэлсэн. Гэвч энэ ажил маань явуургүй байсан тул зогсоож, хуушуур, бууз гэх мэт ширхэгийн хоол зардаг буфет нээж ажиллуулсан. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, зоогийн газар болгосон доо.

Одоо манай зоогийн газар сар бүр 45 мянган төгрөгийг татварт төлдөг. Дулаан халаалт, ус, гэрэл цахилгааныхаа мөнгийг албан газрын тарифаар төлдөг. Бас ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал гэх мэтээр жилдээ 50 гаруй сая төгрөгийг улсад төлж байна.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Хоол үйлдвэрлэж байгаа тогооч, үйлчлэгч, зөөгч нар маань эрүүл байх шаардлагатай. Ер нь бол зургаан сар тутамд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орох ёстой байдаг. Эрүүл чийрэг, цэвэр цэмцгэр, соёлч боловсон, аядуу зөөлөн харьцаатай байхад үйлчлүүлэгч тасрахгүй шүү дээ.

Энэ ташрамд Улаангом хотын захиргаанаас манай зоогийн газрын гадна талд сандал, хогийн сав, цэцгийн мандал байгуулж өгсөнд маш их баярлалаа гэж хэлэх байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ