Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааны талаарх эрдэмтдийн үзэл бодол ижил байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-14 10:58:47

ВАШИНГТОН. /independent/. Эрдэмтдийн 97 хувь нь уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний буруутай үйлдлээс үүдэлтэй гэж үзэж байгааг АНУ-д явуулсан судалгаа харууллаа.

Мичиганы Технологийн их сургуулийн баг энэхүү судалгааг хийж, “Environmental Research Letters” сэтгүүлд нийтэлсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар эрдэмтдийн бие даан явуулсан долоон судалгааг нэгтгэн, дүгнэлт хийх байдлаар энэхүү судалгааг гаргажээ.

Мичиганы Технологийн их сургуулийн химийн профессор Сара A.Грин уг судалгааны ажлыг ахалсан бөгөөд тэрбээр хэлэхдээ "хамгийн чухал нь гэвэл, энэ удаад зөвхөн ганц нэг судалгааг бус харин олон судалгааг хамруулснаараа онцлог" гэж мэдэгджээ.

Мөн судалгаанд оролцосон Харвардын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны профессор Наоми Орескес ярихдаа "эдгээр бүх судалгааг нэгтгэж, дүгнэлт хийснээр шинжлэх ухааны түвшинд уур амьсгалын судлаачдын дунд үзэл бодол, байр суурь ойролцоо байгааг харуулсан ерөнхий дүр зургийг бий болгосон" гэсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ